Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогт (Ээгийфит) цахим орчин дахь дайралтад өртсөний улмаас нас барсан гэх мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 6-ны өдөр сошиал сүлжээгээр тархсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас (ГХЯ) БНСВУ-д суугаа Элчин сайдын яамнаар дамжуулан албан ёсны тодруулга хийхээр ажиллаж байна.
Түүний дүү гэх хүний цахим хуудсандаа бичсэн постыг иргэд хуваалцан түгээж, сошиал орчны шахалт, дайралтаас үүдэн амиа хорлосон байж болзошгүй гэх агуулгатай мэдээллүүд олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр:
- Э.Эрдэнэцогт нь өнгөрсөн жилээс хойш Монгол Улсын хилээр нэвтрээгүй;
- Монгол Улсын бүртгэлийн байгууллагад түүний нас барсныг баталгаажуулсан бүртгэл одоогоор хийгдээгүй байна.
ГХЯ болон Вьетнам дахь ЭСЯ-ны авч буй арга хэмжээ
Түүний одоо байгаа байршил болон олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар Гадаад харилцааны яам дипломат шугамаар ажиллаж байна.
ГХЯ-наас тус хэргийн талаар өгсөн тодруулгадаа:
“Вьетнамд суугаа Элчин сайдын яамнаас тус улсын холбогдох байгууллагад албан ёсоор хүсэлт тавьж, тодруулахаар ажиллаж байна. Одоогоор эцэслэсэн мэдээлэл ирүүлээгүй байна” хэмээн мэдэгдлээ.
