Цаг уурын байгууллагаас ирэх саруудын (10, 11, 12 дугаар сар) цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. Ирэх 11 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, зарим аймгуудад ахиу хур тунадастай байх төлөв ажиглагдаж байгаа тул зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муутай байсан нутгуудын малчид, иргэдийг өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг анхааруулж байна.
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
- 10 дугаар сар: Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй.
- 11 дүгээр сар: Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Хөвсгөл болон Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд нутгаар ахиу хэмжээний хур тунадас орно.
- 12 дугаар сар: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган зэрэг баруун болон хангойн бүсийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Өвлийн бэлтгэлийг эртнээс хангахыг зөвлөв
Цаг агаарын ирэх саруудын төлөвтэй холбогдуулан зуны хугацаанд хуурай гандуу байсан, бэлчээрийн даац муутай болон хадлан тэжээлийн нөөц багатай нутгуудын малчдад малын тэжээлээ эртнээс нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаг алдалгүй сайтар хангахыг мэргэжлийн байгууллагаас тусгайлан санууллаа.
