Энэтхэгийн Керала мужид орших Махавишну хэмээх индуизмын сүмд адислах ёслолд оролцуулахаар авчирсан заан гинжнээсээ мултран, догширч, үймээн дэгдээжээ.
“The Sun” хэвлэлийн мэдээлснээр, уурссан амьтан зогсоолд байсан суудлын автомашин руу дайрч, хошуугаараа цохин хөмрөөд, соёогоороо хаалгыг нь сүйтгэсэн байна. Энэ үеэр зааныг сүмд хүргэж ирсэн Коллам хотын оршин суугч, 40 настай Вишнуг заан гишгэж хөнөөжээ.
Эх сурвалжийн тэмдэглэснээр, заан хоёр цаг орчим хугацаанд ойр орчмын бүх зүйлийг эвдэж сүйтгэсэн байна. Хэрэг гарсаны дараа тэрээр хохирогчийн цогцосны дэргэдээс холдохгүй, хүмүүс рүү дайрч байсан тул тусламж үзүүлэхээр ойртох боломжгүй байжээ. Үймээний үеэр өөр нэг хүн бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Догширсон амьтныг транквилизатор (номхотгогч бодис) ашиглан тогтоосны дараа сүмийн ойролцоох кокосын модноос гинжлэн уяжээ.
Мөн тухайн өдөр Иринжалакуда хотын Кудалманикьям сүмд үүнтэй төстэй эмгэнэлт хэрэг гарсан байна. Заан сургагчийн 25 настай туслах заанд гишгүүлж, эмнэлэгт хүрэх замдаа амьсгал хураажээ.