Британийн нэрт дуучин Сэм Смит найз залуу, загвар зохион бүтээгч Кристиан Ковантай сүй тавьснаа санамсаргүй байдлаар ил болголоо.
Энэхүү үйл явдал АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Met Gala” загварын наадмын үеэр болжээ. Сэм Смит, Кристиан Кован нар тус наадамд уригдсан зочдын нэг байсан бөгөөд олны анхаарлын төвд байв. Гэхдээ тэдний өвөрмөц төрхөөс гадна хоорондоо ярилцсан яриа нь илүү сонирхол татсан юм.
Page Six хэвлэлийн мэдээлснээр нэгэн эх сурвалж тэдний сонирхолтой яриаг сонсжээ. Сэм Смит, Кристиан Кован нар “улаан хивсний ёслол”-д гарахаасаа өмнө “Mark” зочид буудалд болсон нууц сүй тавих ёслолынхоо талаар ярилцаж байжээ.

“Миний ойлгосноор энэ нь маш хувийн хүрээнд болсон сүй тавилт байсан. Тэд маш их баяртай байгаа бөгөөд бие биедээ маш их хайртай байгаа нь сонсогдсон” гэж эх сурвалж баталжээ.
Сэм Смит 2014 онд өөрийн бэлгийн чиг хандлагыг нийтэд зарласан билээ. Тэрээр сүүлийн гурван жилийн турш загвар зохион бүтээгч Кристиан Ковантай харилцаатай байгаа юм. Тэднийг 2023 онд Нью-Йорк хотод хамт алхаж, дотно байх үед нь хэвлэлийнхэн анх хамт байгааг нь анзаарч байжээ.