БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газраас Facebook, WeChat зэрэг цахим платформ ашиглан бараа худалдах, зуучлах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа. 2026 оны нэгдүгээр сараас хойш нийт 25 монгол иргэн ийм төрлийн цахим залилангийн хохирогч болоод байна.
Залилагчдын ашиглаж буй арга мэх
Залилагчид фейсбүүк хуудас, групп, Marketplace болон WeChat ашиглан “бараа зарна”, “Эрээнээс хямд авч өгнө” гэх зар нийтэлж, монгол хэлээр чөлөөтэй харилцах, танилын нэр барих, хуурамч сэтгэгдэл болон барааны зураг ашиглан иргэдийн итгэлийг олж байна. Улмаар урьдчилгаа болон барааны төлбөрийг шилжүүлж авсныхаа дараа холбоогоо тасалдаг тохиолдол олширжээ.
Хуудас олон дагагчтай байх, худалдагч монгол хэлээр ярих эсвэл “танилын танил” гэж өөрийгөө танилцуулах нь тухайн этгээдийг найдвартай гэх баталгаа болохгүйг Консулын газраас онцгойлон сануулж байна.
Консулын газраас иргэдэд өгч буй зөвлөмж
Цахим орчинд залилуулахаас сэргийлж, төлбөр шилжүүлэхээсээ өмнө дараах аюулгүй байдлын шаардлагыг мөрдөхийг зөвлөж байна:
- Иргэний мэдээллийг нягтлах: Худалдагчийн бодит нэр, утасны дугаар, хаяг болон бизнесийн бүртгэлийг шалгах.
- Барааг бодитоор харах: Барааг дүрс бичлэгээр (видео дуудлагаар) шууд үзүүлж, бэлэн байгааг баталгаажуулах.
- Дансны аюулгүй байдал: Гуравдагч этгээдийн нэр дээрх дансанд мөнгө шилжүүлэхгүй байх, анхны худалдан авалтад их хэмжээний урьдчилгаа өгөхөөс зайлсхийх.
- Баримтжуулах: Зар, чат, дансны мэдээлэл болон төлбөрийн баримтыг бүрэн хадгалах.