Булган аймгийн Тэшиг сумын Дулаан Хан-Уулын орчимд Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгай айлын мал руу халдах тохиолдол ойр ойрхон бүртгэгдэх боллоо. Үүнтэй холбогдуулан “Хүрэн баавгайтай холбоотой эрсдэлээс сэргийлэх” ажлын хэсэг болон тус сумын удирдлагууд шуурхай хуралдаж, үүсээд буй нөхцөл байдалд мэргэжлийн үнэлгээ хийсэн байна. Уг хурлаас нутгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дараах нэн шаардлагатай сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх зааварчилгааг гаргажээ.
Албаныхны зүгээс газар дээр нь сумын ажлын хэсгийг томилон ажиллуулж, аймаг, сумын түвшинд нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй шуурхай солилцохоор тохирсон байна. Түүнчлэн баавгайн халдлагад өртсөн малчин өрхүүдийг тухайн бүс нутгаас түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх бөгөөд хэрэв нүүх боломжгүй бол айл өрхүүдийг нэг дор төвлөрүүлэн буулгах зохицуулалт хийхээр тусгажээ.
Малчид болон тухайн бүсэд амьдарч буй иргэдийн хэрэгжүүлэх аюулгүй байдлын гол зааварчилгааг багцалбал:
- Дуу чимээ, гэрэл ашиглах: Үдшийн цагаар гэрэл, гал гаргах, май тавих, буудах, цахилгаан хөрөө асаах болон дуут дохио ажиллуулах зэргээр баавгайг үргээх.
- Хяналтыг чангаруулах: Эрсдэлтэй бүсэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүйгээр малд явуулахыг бүрмөсөн хориглох.
- Ариун цэвэр сахих: Бэлчээр болон гэрийн ойролцоо үхсэн мал, амьтны сэг зэмийг яаралтай холдуулан устгалд оруулах.
- Техникийн бэлэн байдал: Унаа хөсөг болох машин, мотоцикл, холбоо барих гар утасны бүрэн бүтэн байдлыг тогтмол хангах.
- Өвөрмөц аргуудыг турших: Дизель түлшний хурц үнэр ашиглан баавгайг дайжуулах хувилбарыг туршихаас гадна уламжлалт зан үйл, домын аргуудыг хэрэглэх.
Уг ажлын хүрээнд Тэшиг суманд байрлах цэргийн ангитай нягт хамтран ажиллаж, хүч хэрэгсэл болон шаардлагатай техник тоног төхөөрөмжийн дэмжлэг авах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Мөн малчдад сэрэмжлүүлэг танилцуулгыг тогтмол тараах бөгөөд иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байж, зэрлэг амьтан илэрсэн даруйд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэхийг анхаарууллаа.