Гол мөрний ус огцом нэмэгдэж, иргэдийг эрэг дагуу буухгүй байхыг анхааруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Туул, Хэрлэн

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хур тунадасны нөлөөгөөр зарим гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн нөхцөл байдал хүндрэх эрсдэл үүсээд байна. Иймд голын эрэг дагуу аялж, амарч, зорчиж буй иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

2026 оны долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эх авдаг Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн голуудын ус нэмэгджээ. Мөн Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны арын Идэр, өврийн Түй, Завхан голууд болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагуу усны түвшин өмнөх өдрөөс 10-60 сантиметрээр өссөн байна.

Одоогийн ажиглалтаар Хараа гол Дархан хот орчимд, Балж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд, Халх, Ховд гол Мянгад сум орчимд, Хархираа гол Тариалан сум орчимд, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд, Сөгнөгөр гол Батсүмбэр сум орчимд үерийн түвшинг 5-35 сантиметрээр даван үерлэж байна. Харин Халх голын Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг давж, хүчтэй үерлэж байгааг мэдээлжээ.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд зарим голын ус дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал:

  • Туул гол Алтанбулаг сум орчимд 10 сантиметрээр нэмэгдэнэ;
  • Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 45 сантиметрээр нэмэгдэнэ;
  • Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд 25 сантиметрээр нэмэгдэнэ;
  • Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 сантиметрээр нэмэгдэх төлөвтэй байна.

Ийм нөхцөлд гол мөрний сав дагуу түр буудаллах, эрэг хөвөөнд хоноглох нь эрсдэлтэйг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, үерлэсэн голын усанд орохгүй байх, усны түвшин нэмэгдэж буй бүсэд тээврийн хэрэгслээр зорчихдоо болгоомжлох шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагаас санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй