“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
О.Сэргэлэн

Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн холбон тоглогч, ОУХМ Отгонбаатарын Сэргэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн спортод 22 жил зүтгэж, тоглолтын сахилга бат, даруу төлөв зан, хөдөлмөрч байдлаараа олон хүүхэд, залууст үлгэр дуурайлал болсоор ирсэн тамирчин юм.

О.Сэргэлэн олон жилийн турш клуб болон шигшээ багийн түвшинд тогтвортой амжилт үзүүлж, Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан. Тэрээр Монгол Улсын Шигшээ багийн бүрэлдэхүүнд тасралтгүй 12 жил тоглож байгаа бөгөөд дотоод, гадаадын олон тэмцээнд амжилт гаргасан билээ.

О.Сэргэлэнгийн онцлох амжилтууд:

  • Монгол Улсын Шигшээ багийн бүрэлдэхүүнд тасралтгүй 12 жил тоглож байгаа.
  • 2014 оны Инчеоний Азийн Наадмын “Шилдэг найм”-д шалгарч байсан.
  • 2014, 2017, 2018, 2022, 2024, 2025, 2026 онуудын дээд лигийн долоон удаагийн аварга 2016, 2019, 2020 онуудад дэд аварга, 2015, 2023 онуудад хүрэл медаль хүртсэн.
  • 2018-2019 оны “Тэргүүн Тоглогч”
  • 2025 оны Азийн клубуудын аварга (BCL ASIA) хүрэл медаль.
  • 2025 оны Зүүн Азийн клубуудын аварга (BCL East Asia) алтан медаль.
  • Олон улсын хэмжээний мастер цолыг тус тус хүртсэн.

Тэрээр зөвхөн тамирчны замналаараа бус, дасгалжуулагч, залгамж үеийг бэлтгэгчийн хувиар ч сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. О.Сэргэлэн 2023 оноос “PG Acadeмy”-г үүсгэн байгуулж, 800 гаруй хүүхдэд эрүүл амьдралын хэв маяг, сагсан бөмбөгийн анхан шатны мэдлэг, ур чадварыг зааж, дасгалжуулж иржээ.

“PG Acadeмy”-ийн хүүхдүүд улс, хотын чанартай тэмцээнүүдэд тогтмол бэлтгэгдэн оролцож байна. Ийнхүү О.Сэргэлэн өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ залуу хойч үедээ дамжуулж, Монголын ирээдүйн сагсчдыг бэлтгэх ажилд идэвхтэй оролцсоор байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй