Чилид BTS-ийн фэнүүд тоглолт цуцлагдсаны дараа жагсав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн Чили дэх фэнүүд төлөвлөсөн тоглолтууд цуцлагдсаны дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

BTS аравдугаар сард Сантьяго хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд гурван удаа тоглолт хийхээр төлөвлөж байсан. Гэвч 7-р сарын 3-нд орон нутгийн эрх баригчид зохион байгуулагчийн хүсэлтийг зөвшөөрөөгүй байна.

Албаныхан тоглолтын тайз цэнгэлдэхийн талбайн бүрхүүлд гэмтэл учруулж болзошгүй гэж үзжээ. Учир нь BTS-ийн тоглолтод зориулан 600 тонн хүртэл жинтэй дугуй хэлбэрийн тайз суурилуулахаар төлөвлөсөн байв. Мөн зөвшөөрлийн хүсэлтийг шийдэхээс өмнө тасалбарын худалдаа эхэлсэн нь эрх баригчдын шүүмжлэлд өртжээ.

Фэнүүд ерөнхийлөгчийн ордон хүртэл жагсжээ

Чилийн спортын сайд тоглолтуудыг зөвшөөрөөгүй нь бүр мөсөн цуцалсан гэсэн үг биш гэж өмнө нь мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Үндэсний цэнгэлдэхтэй адил хэмжээний олон үзэгч багтаах өөр том талбай тус улсад хомс аж.

7-р сарын 5-нд BTS-ийн шүтэн бишрэгчид Сантьягогийн гудамжинд гарч, “Хөгжим, урлаг цэнгэлдэхэд хор учруулдаггүй” гэсэн уриатайгаар ерөнхийлөгчийн ордон хүртэл жагссан байна.

Хожим эрх баригчид орон нутгийн зохион байгуулагчаас шаардлагад нийцсэн шинэ санал хүлээн авснаа мэдээлжээ. Ингэснээр BTS-ийн Чили дэх тоглолтуудын асуудал дахин хэлэлцэгдэх боломжтой болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй