Шанхайн эмч нар шинэ технологийг өвчтөнд хэрэглэв
Хятадын мэс засалчид гарын үйл ажиллагааг сэргээх зориулалттай тархи-компьютерийн интерфейсийг бодит өвчтөнд анх удаа суулгасан талаар Yicai мэдээлжээ. Хагалгааг Шанхай дахь Фудань их сургуулийн харьяа Хуашань эмнэлгийн мэргэжилтнүүд хийсэн байна.
Өвчтөн 10 жилийн өмнө автомашины осолд орж, нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас гараа бүрэн ашиглах чадвараа алдсан байжээ. Нарийвчилсан үзлэгийн дараа эмч нар түүнд мэдрэлийн дохиог уншиж, тайлбарлах чадвартай тархины имплант суулгасан байна.
Энэхүү систем нь тархи болон гаднын төхөөрөмжийн хооронд холбооны суваг үүсгэдэг. Гаднын төхөөрөмж нь атгах хөдөлгөөнийг нөхөх роботжуулсан бээлий бөгөөд өвчтөнд гараараа тодорхой үйлдэл хийхэд туслах зориулалттай аж.
Клиникийн хэрэглээнд зөвшөөрөгдсөн анхны систем
Эмч нарын мэдээлснээр, хагалгааны дараа өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн байгаа бөгөөд бүртгэгдэж буй тархины дохионы чанар хүлээгдэж байсан үзүүлэлттэй нийцэж байна.
Ашигласан технологи нь Хятадад клиникийн хэрэглээнд зөвшөөрөгдсөн, тархи-компьютерийн интерфейс дээр суурилсан гарын хөдөлгөөнийг хэсэгчлэн нөхөх анхны систем болжээ. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын улсын газар уг системийг ашиглах зөвшөөрлийг 3-р сарын 13-нд олгосон байна.
Хуашань эмнэлэгт хийсэн энэ хагалгаа нь технологийг лабораторийн судалгаанаас гадна ердийн клиникийн практикт хэрэглэсэн анхны тохиолдол боллоо.
Тархи-компьютерийн интерфейсийн хөгжил нь Хятадын шинжлэх ухаан, технологийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Гуравдугаар сард танилцуулсан БНХАУ-ын Засгийн газрын ажлын тайланд ийм технологийг ирээдүйн ирээдүйтэй салбаруудын нэг гэж нэрлэсэн байна.