“Барби”-гийн дүрд зориулж өөрийгөө туйлдуулаагүй
“Барби” киноны дараа олон хүн Марго Робби хэрхэн ийм төгс формтой харагдсан талаар сонирхсон. Гэвч Women’s Health-ийн мэдээлснээр, жүжигчний бэлтгэл хэт хатуу дэглэм, өлсгөлөн хооллолт эсвэл олон цагийн кардиогоор дүүрэн байгаагүй.
Түүний хувийн дасгалжуулагч Дэвид Хиггинсийн хэлснээр, “Барби”-гийн зураг авалтын үеэр Маргог “идеал хүүхэлдэй” шиг болгох зорилго тавиагүй. Гол зорилго нь жүжигчин болон багийнхны биеийн хүч, эрүүл мэнд, сэтгэлзүйн тэнцвэрийг хадгалах байсан аж.
Марго Робби өөрөө ч кинонд бүтээсэн дүр нь эмэгтэйчүүдийн гоо сайхны шинэ стандарт болох ёсгүй гэж өмнө нь хэлж байсан. Тиймээс түүний фитнес хөтөлбөр илүү бодитой, уян хатан, биеэ сонсдог зарчимд суурилжээ.

Хүч, пилатес, тогтмол байдал гол үүрэгтэй
Маргогийн бэлтгэлийн үндэс нь хүчний дасгал болон реформер-пилатесын хослол байв. Дасгал бүр булчин суллах богино роллерын хэсгээр эхэлж, дараа нь хэвтээ шахалт, гантель таталт, бицепс, мөр, трицепс, хөлний дасгал зэрэг хүчний хөдөлгөөнүүдээр үргэлжилдэг байна.
Мөн хэвлийн булчинд онцгой анхаардаг. “Барби”-гийн бэлтгэлийн үеэр тэр 100 давталттай хэвлийн комплексийг нэг бэлтгэл дээр хэд хэдэн удаа давтаж, нийт 500 орчим давталт хийдэг байсан гэж дасгалжуулагч нь ярьжээ. Реформер-пилатес дээр харин давталтаас илүү хугацааг тооцож, plank, хөлний хөдөлгөөн, тогтворжуулах дасгалуудыг хийдэг байсан байна.
Марго Роббигийн формоо хадгалах 5 гол зарчим:
- Хүчний дасгалыг реформер-пилатестай хослуулах
- Биеийн байдлаасаа шалтгаалан ачааллаа уян хатан сонгох
- Кардиог заавал тусдаа хийх шаардлагагүй гэж үзэх
- Хэвлий, нуруу, их биеийн булчинг тогтмол хөгжүүлэх
- Богино байсан ч тогтмол бэлтгэл хийх

Дэвид Хиггинсийн тайлбарласнаар, чанартай хүчний дасгал өөрөө кардио нөлөө үзүүлж чаддаг. Учир нь булчингийн өөр өөр бүлэг ажиллах үед зүрх илүү идэвхтэй цус шахаж, пульс гүйлтийн дараахтай ойролцоо хэмжээнд хүрч болдог байна. “Барби”-гийн зураг авалтын үеэр жүжигчид өдөр бүр 2-4 цаг бүжгийн давтлага хийдэг байсан тул Маргод тусдаа кардио бараг шаардлагагүй байжээ.
Хамгийн чухал нь Марго Робби хурдан үр дүн хөөцөлдөөгүй. Тэрээр олон жилийн турш дасгалжуулагчтай ажилласан бөгөөд “Барби”-гийн бэлтгэл 12-15 долоо хоног үргэлжилсэн. Долоо хоногт таван удаа, 45-60 минутын бэлтгэл хийх нь хангалттай байсан бөгөөд зарим өдөр ердөө 30 минут гарсан ч дасгалаа орхидоггүй байв.
Ингэснээр Марго Роббигийн жишээ үр дүнтэй фитнес гэдэг нь өөрийгөө зовоох бус, харин тогтмол байдал, уян хатан хандлага, хүч чадал болон биеэ хүндлэхээс эхэлдэг гэдгийг харуулж байна.