Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер, загварын шүтээн G-Dragon (Квон Жи Ён) ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр албан ёсоор томилогдлоо. Түүний урлаг соёлын салбарт үзүүлэх асар их нөлөө болон нийгмийн сайн сайхны төлөөх үйлс нь олон улсын тавцанд ийнхүү дахин өндрөөр үнэлэгдэж байна.
“Juspeace Foundation” ба ЮНЕСКО-гийн үнэт зүйлс
ЮНЕСКО-гийн зүгээс G-Dragon-ий тууштай дэмжиж ирсэн “Juspeace Foundation” сангийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн чиг баримтлал нь тус байгууллагын эрхэмлэн дээдэлдэг дэлхийн энх тайван, соёлын олон төрөлт байдлыг хамгаалах үнэт зүйлстэй яв цав нийцэж байгааг онцлон тэмдэглэжээ. Иймд түүнийг дэлхийн соёлын өвийг залуу үед сурталчлах хамгийн тохиромжтой дуу хоолой, гүүр хэмээн үзэж хүндэт элчээрээ сонгосон байна.
G-Dragon хүндэт элчийн хувиар дэлхийн өвийн дурсгалт газруудыг хамгаалах, тэдгээрийн түүхэн болон соёлын дахин датагдашгүй ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Түүний дэлхий даяарх сая сая үнэнч фэнүүд болон залуу үеийнхэн үүгээр дамжуулан соёлын өвийг хайрлан хамгаалах үйлсэд идэвхтэй нэгдэнэ гэдэгт зохион байгуулагчид итгэж байна.