Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек болон Чолпон-Ата хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр “Шилдэг хөгжимчин” буюу тусгай байрт шалгарлаа.
Иссык-Куль нуурын эрэг дэх “Рух Ордо” соёлын төвд есдүгээр сарын 2-ноос 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн төрөл” уламжлалт хөгжмийн олон улсын наадамд дэлхийн 38 улсын шилдэг хөгжимчид өрсөлдсөн юм.
Тус наадамд Соёлын элч Б.Нарандэлгэр нүүдэлчдийн эртний хөгжмийн зэмсэг болох монгол уламжлалт хэл хуур, алтай ятга, хүн хөгжмийн хоршлын “Монголын цуурай” бүтээлээрээ оролцсон бөгөөд наадмын үеэр Киргизийн уран бүтээлчтэй хамтарсан тоглолт толилуулан үзэгчдийн талархлыг хүлээжээ.
Уран бүтээлчийн тухай: Тэрбээр хөөмий болон орчин үеийн битбокс урлагийг хослуулсан “Хөөмийбит” (Khoolmei-beat) урсгалыг үндэслэгч бөгөөд Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын масштаб ба түүх
Төв Азийн “Олимп” гэгддэг Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз Улсын Засгийн газар 2012 онд санаачилж, 2014 оноос хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн түүхтэй. Спортын тэмцээнээс гадна угсаатны зүй, соёл, шинжлэх ухааныг нэгтгэсэн тус наадмыг 2021 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн хамгаалалтын шилдэг туршлага”-д албан ёсоор бүртгэсэн байдаг.
2026 оны наадмын онцлох үзүүлэлтүүд:
- Түүхэн өлгийдөө эргэн ирэв: 2022 онд Турк, 2024 онд Казахстанд зохион байгуулагдсан бол 2026 оны VI наадам анхны эх орон Киргизэд эргэн ирж байна.
- Өргөн бүрэлдэхүүн: Анх 19 орон оролцож байсан бол энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2,355 төлөөлөгч оролцож, нүүдэлчин ард түмний спорт, өв соёлыг дэлхий дахинд сурталчилж байна.

2 comments
Баяр хүргэе! Эх орныхоо нэрийг сайхан гаргаж явна даа
Бахархмаар сайхан мэдээ байна, цаашдын ажилд нь амжилт