Монголын тамирчид Азийн наадмын бэлтгэлээ Японд үргэлжлүүлж байна

0 comments
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо

ХХ удаагийн Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөх баг, тамирчид Япон Улсын Айчи мужид очиж, тэмцээний өмнөх бэлтгэлдээ оржээ. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор болох тус наадмын өмнө спортын төрлүүдийн бэлтгэлийг тэмцээн явагдах байршилтай уялдуулан зохион байгуулж байна.

Монголын боксын шигшээ багийн тамирчид Нишио хотод байрлан, 12 улсын тамирчид оролцож буй хамтарсан бэлтгэлд нэгдээд байна. Ингэснээр тэд тэмцээн эхлэхээс өмнө өөр өөр орны өрсөлдөгчидтэй хамт бэлтгэл хийж, формоо шалгах боломжтой болжээ.

Байт харвааны багийнхан Нагояа хотын Накамүра дүүрэгт хүрэлцэн очиж, тэмцээний өмнөх бэлтгэлээ эхлүүлсэн байна. Пентатлоны тамирчны бэлтгэл ч зохион байгуулагчдын баталсан хуваарь, журмын дагуу үргэлжилж байгаа бөгөөд волейбол, тэкболын багууд мөн Нагояад бэлтгэлдээ ороход бэлэн болжээ.

Тэмцээнүүд хэд хэдэн бүсэд зэрэг явагдана

Энэ жилийн Азийн наадмын тэмцээнүүдийг зөвхөн нэг хотод төвлөрүүлэхгүйгээр Токио, Айчи болон бусад бүс нутгийн спортын байгууламжуудад хуваарилан зохион байгуулж байгаа нь онцлог болж байна. Иймээс оролцогч багууд тэмцээний төрлөөсөө шалтгаалан өөр өөр байршилд байрлаж, бэлтгэл болон уралдаан, тоглолтын хуваариа дагах шаардлагатай болжээ.

Монголын багийн хувьд ч байрлах нөхцөл нь тэмцээний байршлаас хамааран ялгаатай байна. Тамирчид зочид буудал, усан онгоц болон наадмын зориулалтын түр байранд байрлаж, өөрсдийн спортын төрөл тус бүрийн хуваарийн дагуу бэлтгэлээ базаан өрсөлдөх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй