Мотокроссын үндэсний лиг Зуунмодод эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Mongol Grandprix MX League 2026

Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” уралдаан ирэх зургаадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотын Эрдэнэ уулын мотокроссын замд зохион байгуулагдана. Монголын Автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж буй уг Гран При нь мотокроссын спортыг үндэсний хэмжээнд шинэ шатанд гаргах зорилготой лигийн тэмцээн юм.

Энэ жилийн лиг зуны турш нийт 5 гараатай үргэлжилнэ. Эхний гараанд 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, Open ангиллын уралдаанууд болох бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчдаас гадна сонирхогчид оролцох боломжтой байна.

450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд энэ удаа багийн систем нэвтрүүлжээ. Баг бүр 3 үндсэн, 1 сэлгээний тамирчинтай оролцож, гараа бүрээс оноо цуглуулан нийлбэр дүнгээр шилдэг баг, тамирчдыг тодруулах юм.

Мотокроссын үндэсний лиг Зуунмодод эхэлнэ

Зохион байгуулагчдын мэдээлснээр “Mongol Grandprix MX League 2026” нь зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестивалийн хэлбэрээр болох аж. Үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт болон нэмэлт арга хэмжээнүүдийг уралдааны үеэр зохион байгуулна.

Мэргэжлийн тамирчдын өрсөлдөх 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна. Ийнхүү мотокроссын үндэсний лиг энэ зун спорт, үзвэр үйлчилгээ хосолсон томоохон арга хэмжээ болон үргэлжлэхээр болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй