“Engadget” цахим хуудасны мэдээлснээр, “Netflix” компани генератив хиймэл оюуны (generative AI) тусламжтайгаар контент бүтээх “INKubator” нэртэй шинэ студи байгуулжээ.
Уг шинэ салбар нь хиймэл оюуны багаж хэрэгслүүдийг ашиглан богино хэмжээний анимэйшн контент бүтээх чиглэлээр дагнан ажиллах юм байна.
Одоогоор “INKubator” студи багаа бүрдүүлэх шатандаа явж байгаа бөгөөд технологийн чиглэлийн удирдагч зэрэг түлхүүр албан тушаалтнуудыг хайж байгаа аж. Үүнээс шалтгаалан тус студийн анхны төслүүд ойрын хугацаанд үзэгчдийн хүртээл болохгүй байх магадлалтай.
Нээлттэй ажлын байрны тодорхойлолтоос үзвэл, студи эхний шатандаа богино хэмжээний анимэйшн болон тусгай дугааруудыг хийхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ “Netflix” илүү далайцтай форматыг ч судалж байна. Ажлын байрны нэгэн заранд тус баг яваандаа “богино хэмжээний форматаас урт хэмжээний контент руу цар хүрээгээ тэлэх” төлөвлөгөөтэй байгааг дурджээ.
Энэ нь “Netflix”-ийн хувьд хиймэл оюуныг ашиглаж буй анхны тохиолдол биш юм. Тус компани сурталчилгааны материалдаа хиймэл оюуныг аль хэдийн ашиглаж байгаагаас гадна өмнө нь жүжигчин Бен Аффлекийн үүсгэн байгуулсан “InterPositive” стартап компаниейг худалдаж авч байсан билээ.
Мөн “The Verge” сэтгүүлийн тэмдэглешнээр, “Netflix” компанийн зүгээс гар утасны аппликейшн дээрээ идэвхтэй хөгжүүлж буй босоо форматтай шинэ видео цэс нь “INKubator”-ийн бүтээсэн контентуудыг үзэгчдэд хүргэх гол талбаруудын нэг болох ажээ.