Red Hot Chili Peppers дууныхаа эрхийг 300 сая ам.доллароор худалдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Red Hot Chili Peppers

“Red Hot Chili Peppers” хамтлаг өөрсдийн уран бүтээлийн цуглуулгаа эзэмших эрхийг “Warner Music Group” компанид 300 сая гаруй ам.доллароор худалдсан байна. Уг хэлцлийг “Bain Capital”-тай хамтарсан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гүйцэтгэжээ.

Энэ талаар “Hollywood Reporter” сэтгүүл мэдээлэв. “Rolling Stone” сэтгүүлийн тэмдэглэснээр, “Warner Music” компани зохиогчийн эрх худалдан авахад нийт 650 сая доллар зарцуулсны бараг тал хувийг зөвхөн “Red Hot Chili Peppers”-ийн дуунууд эзэлж байгаа аж. Харин үлдсэн мөнгөөр өөр ямар бүтээлүүдийг худалдаж авсан нь одоогоор нууц хэвээр байна.

Таван жилийн өмнө рок одод дуу хэвлэн нийтлэх эрхээ “Hipgnosis Songs Fund” компанид ойролцоогоор 150 сая доллароор худалдаж байсан түүхтэй. Өдгөө тус компани “Sony Music”-т худалдагдах үйл явц дундаа явж байгаа юм. “Red Hot Chili Peppers” хамтлаг 1991 оноос хойш “Warner Music”-тэй тасралтгүй хамтран ажиллаж байгаа тул энэхүү борлуулалтыг зах зээлийн шинжээчид хамгийн оновчтой, логиктой шийдвэр гэж үзэж байна.

Шинжээчдийн тооцоолж буйгаар, тус каталог нь жилд ойролцоогоор 26 сая ам.долларын ашиг авчрах төлөвтэй байгаа бөгөөд өмнө нь энэхүү орлого хамтлагийн гишүүдэд шууд очдог байжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон алдартай уран бүтээлчид өөрсдийн каталогийг худалдсан бөгөөд үүнд Бритни Спирс (200 сая доллар), The Weeknd (1 тэрбум доллар), Pink Floyd (400 сая доллар) болон Kiss (300 сая доллар) нарын томоохон хэлцлүүд багтаж байна.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус хамтлагийн басс гитарчин Фли 40 жилийн замнал дахь анхны бие даасан “Honora” цомгоо гаргасан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй