АНУ-ын алдартай модель, бизнес хатагтай Кайли Женнер ажилтнуудынхаа эрхийг зөрчсөн гэх дуулианд холбогдоод байна. Хэдхэн долоо хоногийн өмнө нэгэн ажилтан нь түүнийг шүүхэд өгөөд байсан бол саяхан дахин өөр нэг гэрийн үйлчлэгч нь нэхэмжлэл гаргасан тухай “People” сэтгүүл мэдээллээ.
Нэхэмжлэл гаргагч Хуана Дельгадо Сото нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт (харассмент), хөдөлмөрийн эрх зөрчсөн болон цалин дутуу олгосон гэх үндэслэлээр шүүхэд ханджээ.
Дарамт шахалт ба хачин жигтэй дүрэм
Хуана Дельгадо Сото нь 2019 онд Женнерийн гэрт ажилд орсон бөгөөд 2023 онд шинэ удирдлага (супервайзер) ирснээр ажлын орчин эрс дордсон гэж мэдүүлжээ. Түүний хэлснээр:
- Ажилчдыг хооллох болон амрах эрхээр нь хязгаарлаж байсан.
- Түүний гадаад аялга, цагаачлалын статус болон арьс өнгөөр нь доромжилж, тохуурхдаг байжээ.
- Ариун цэврийн өрөө орохыг нь хязгаарлаж, гэрт байх “Кайлигийн ус” гэж нэрлэдэг уснаас уухыг нь хориглодог байсан гэнэ.
2025 оны дөрөвдүгээр сард Хуана өөрт нь тулгарч буй хүндрэл, ажилтнуудын зүй бус харилцааны талаар Кайлид урт захидал бичиж, иллэгийн ширээн дээр нь үлдээжээ. Гэвч дараа өдөр нь түүнийг ажлаас хална гэж сүрдүүлсэн төдийгүй Кайли руу харах, түүн рүү инээмсэглэх, ер нь нүдэнд нь өртөхийг нь бүрмөсөн хориглосон байна.
Тэрээр ийм байдлыг тэвчиж чадалгүй 2025 оны наймдугаар сард ажлаасаа гарчээ.
Дараалсан шүүхийн нэхэмжлэлүүд
Сотогоос гадна Женнерийн багт ажиллаж байсан Анхелика Эрнандес Васкес гэх өөр нэг гэрийн үйлчлэгч өмнө нь ижил төрлийн гомдол гаргаад байсан юм. Тэрээр Кайлигийн ажилтнуудыг хариуцдаг компаниудыг ялгаварлан гадуурхалт, хатуу ширүүн харилцаа болон хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж буруутгажээ.
Одоогоор хоёр нэхэмжлэл шүүхийн шатанд явж байгаа бөгөөд талууд эвлэрсэн эсвэл хэргийг хаасан тухай мэдээлэл гараагүй байна. Харин Кайли Женнерийн төлөөлөгчид энэ асуудалд одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.