Философич С.Молор-Эрдэнэ болон бусад иргэнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалын дагуу шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Улмаар С.Молор-Эрдэнийг 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж, 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна.
Энэ үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүн шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн байгууллагуудын ажиллагаа, хууль хэрэгжүүлж буй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлж, МАН-ын гишүүдтэй холбоотой өмнөх хэргүүдийн шалгалтын хурдтай харьцуулсан байна.
“МАН-ын сайдын тушаалаар таалагдаагүй хүнээ маш хурдтай хорих боломжтойг олж харав. Хэдхэн сарын өмнө МАН Төрийн ордон дотроосоо хэдэн их наядын хулгайг бүгд өөрсдөө нотлох баримттайгаар нь ээлж дараалан зарлаж, нэгнээ барьж өгсөн ч АТГ-т шилжүүлэв гээд л хаагдав. Тэр хурдтай ажилладаг шүүх нь яав, АТГ нь яав. МАН-д элсээгүй хүн Монголд хэн ч биш гэдгийг С.Молор-Эрдэнэ харуулав. МАН-д элсээгүй хүнд төр төмөр нүүрээ хэдхэн цагийн дотор харуулдаг учраас эс хүссэн ч бүгд энэ системийн өмнө мөргөдөг гэдгийг энэ үйл явдал нотлов. С.Молор-Эрдэнээс дутахааргүй бодит нүгэлтэй МАН-ын гишүүд биднийг хараад инээд нь хүрдэг биз.
Биднийг нэг хувь хүн зөв буруу эсэх дээр алалцаж байх хооронд 2027 оны нийтийн төсвөө 10 их наядаар нэмж оруулж ирэв. Төртэй ойр байх хүмүүстээ үнэгүй эм, хямдхан зээл, бараг урьдчилгаагүй байр өгнө гэнэ. Чи дуулгавартай, төр засгаа шүүмжилдэггүй томоотой иргэн байвал өгнө шүү дээ. Бас дарга таньдаг байвал. Ингэж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд бодож сэтгэдэг хүмүүсээ сошиал орчинд дүүжилж, чимээгүй айдаст автсан иргэд болон төрөөс хараат массаараа энэ системээ үргэлжлүүлнэ. Урдаа гоё залуус тавьж нүүрээ угаах ч ул суурь нь мангас гэдгийг ядаж залуучууд нь хараад ойлгоосой.
Монголд хууль нь байхгүй учраас ийм байгаа биш. Харин хуулийг хувийн үзэмжээр хэрэгжүүлдэг систем байгаа учраас шударга ёс ярих боломжгүй байна. Үр дагаварт нь төр улам хүчирхэг болно. Монгол улсын иргэд улам ядуурна, залуус нь улсаасаа дайжна. Ингэж дарангуйлал тогтдог”
С.Цэнгүүн уг мэдэгдэлдээ зөвхөн С.Молор-Эрдэнийн асуудлыг хөндөөгүй бөгөөд төрийн байгууллагууд хэргүүдэд ижил зарчим, ижил хурдаар хандаж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн 2027 оны төсөв, төрөөс олгох хөнгөлөлт, зээл, орон сууцны бодлогыг иргэдийг төрөөс улам хамааралтай болгох эрсдэлтэй гэж шүүмжилжээ.
Түүнчлэн хууль өөрөө байхгүйдээ бус, харин түүнийг сонгомол болон хувийн үзэмжээр хэрэгжүүлж байгаа тогтолцоонд асуудал оршиж байна гэсэн байр суурийг С.Цэнгүүн илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар ийм нөхцөл үргэлжилбэл төрийн эрх мэдэл тэлж, иргэдийн эдийн засгийн бие даасан байдал буурч, залуус гадагш чиглэх шалтгаан нэмэгдэх эрсдэлтэй аж.
