С.Одонтуяа баавгайн тооллогод төсөвлөсөн 200 сая төгрөг цуцлагдсан талаар мэдэгдэв

0 comments
С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхдаа баавгайн тоо толгой, нутагшил, шилжилт хөдөлгөөнийг тогтоох судалгаанд 200 сая төгрөг төсөвлөсөн ч уг ажлыг хэрэгжүүлж чадаагүй талаар цахим хуудсаараа мэдэгдлээ.

Тэрбээр сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд олноор үзэгдэж, малд халдах, улмаар хүний амь нас хохирсон тохиолдол гарсантай холбоотойгоор тоо толгой, идэш тэжээл, шилжилт хөдөлгөөний талаарх бодит мэдээлэл дутмаг байгааг хөнджээ.

“Мэргэжлийн хүмүүсийн саналыг дэмжсэн”

С.Одонтуяагийн бичсэнээр, сайдын ажлаа өгөхөөс хэдэн сарын өмнө мэргэжилтнүүд түүнтэй уулзаж, баавгайн тооллого хийх санал тавьсан байна. Тооллогын үеэр зөвхөн нийт тоо толгой бус, нутагшил, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг ч гаргах боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Тэрбээр “Мэргэжлийн хүмүүсийн саналыг дэмжээд 200 сая төгрөг төлөвлөж батлаад өгтөл мөнгө идэх гэлээ гэж намайг дээш доош матсаар болиулсан даа” хэмээн бичсэн байна.

Баавгайн тоо толгойн талаарх асуулт нэмэгдэж байна

Сүүлийн саруудад баавгай хээр хөдөө төдийгүй суурин газар, айлын ойролцоо үзэгдэх тохиолдол нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор баавгайн тоо толгой өссөн эсэх, идэш тэжээлийн хомсдол үүссэн үү, эсвэл нутагшил, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт нөлөөлж байна уу гэсэн асуулт олон нийтийн дунд гарч байгаа юм.

Эдгээр шалтгааныг тогтооход мэргэжлийн тооллого, судалгаа шаардлагатай гэх байр суурийг С.Одонтуяа илэрхийлжээ.

С.Одонтуяа 2024–2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй