Table of Contents
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтан болон малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймэр зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүрэн баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлжээ.
Сүүлийн үед баавгай айл руу халдаж, хүний амь нас хохирсон тохиолдол ч бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдын иргэд, малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэсэн байна.
Суурьшлын бүсэд орж ирвэл холбогдох байгууллагад мэдэгдэнэ
Баавгай хот, суурин болон айлын ойролцоо үзэгдвэл орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчны газрын холбогдох мэргэжилтэнд нэн даруй мэдээлэхийг зөвлөжээ.
Мөн аймаг, сумын түвшинд ажлын хэсэг байгуулж, баавгайн тархац нутагтай ойр амьдарч буй малчид, иргэдийн байршил, амьтны шилжилт хөдөлгөөний замнал болон үзэгдсэн газруудын зураглалыг гарган, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Хэрэв баавгай удаа дараа мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл үүсгэж байвал тухайн бүсийн айл өрхийг түр холдуулан нүүлгэх, боломжгүй тохиолдолд айлуудыг нэг дор төвлөрүүлэн буулгахыг зөвлөжээ. Ажлын хэсгийн эргүүл, хяналтыг мөн тогтмолжуулах шаардлагатайг дурдсан байна.
Утаа май тавьж, дуу чимээ үүсгэхийг зөвлөсөн байна
Айл өрхүүд орой, үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах зэрэг аргаар орчны дуу чимээ, хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.
Түүнчлэн машин, мотоцикл, гар утас болон бусад техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, гэр болон малын бэлчээрийн ойролцоох мал, амьтны сэг зэмийг холдуулан устгахыг анхааруулсан байна.
Баавгайг элдэж хөөж, бахардуулахгүй байхыг сануулав
Үзэгдсэн мөрөөрөө явж байгаа боловч хүн рүү дайраагүй баавгайг машин, мотоцикл, мориор элдэж хөөх, бахардуулах, алж устгахгүй байхыг зөвлөжээ.
Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүсэд хараа хяналтгүйгээр малд явуулахгүй байх, баавгай үзэгдэх магадлалтай аялал жуулчлалын бүсэд анхааруулах самбар байрлуулах, хээр хоноглохгүй байх шаардлагатай гэж мэдээлсэн байна.
Эрсдэлт бүсэд амьдардаг иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг мөн зөвлөжээ.
Яаралтай тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн 88001414, 88623198, “Амьтан-Асралт” ХХК-ийн 99772972 дугаарт мэдэгдэж, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байна.
