“В” продакшн Монголын анхны Dolby Atmos студийг байгуулжээ

0 comments 3 үзэлт
Д.Болд

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болдын үүсгэн байгуулсан “В” продакшн 20 жилийн ойн хүрээнд Монголд анх удаа Dolby Atmos технологийн албан ёсны студи нээжээ.

Анх 2006 онд байгуулагдсан тус продакшн өмнө нь дэлхийн А зэрэглэлийн “440 Hz Records” дуу бичлэгийн студийг ашиглалтад оруулж байсан бол энэ удаа орон зайн дуугаралтын технологийг Монголын хөгжмийн салбарт нэвтрүүлж байна.

Шинээр байгуулсан Dolby Atmos лабораторийг Dolby компани албан ёсоор баталгаажуулжээ. Түүнчлэн тус продакшн дууны инженерээ ХБНГУ-д мэргэшүүлэн сургаснаар Монголын анхны Dolby Atmos сертификаттай инженертэй болсон байна.

“Volume 3” цомгийн 16 дууг орон зайн дуугаралтаар бүтээжээ

Шинэ студид бэлтгэсэн анхны бүтээл нь “В” продакшны “Volume 3” цомог юм. Цомогт багтсан 16 дууг бүгдийг нь амьд тоглолтоор бичиж, үндэсний их найрал хөгжмөөс эхлээд поп, хип хоп урсгалын бүтээлүүдийг Dolby Atmos форматаар микс хийж боловсруулжээ.

Д.Болд энэ талаар цахим хуудсандаа “Монгол хөгжим дэлхийн сонорт хүрэх ёстой гэж би үргэлж итгэсээр ирсэн. Харин одоо бидэнд Монгол аялгууг цоо шинэ хэмжээст, огт өөр түвшинд сонсох боломж нээгдлээ. Энэ бол долби атмос” хэмээн бичсэн байна.

Dolby Atmos технологи нь дуу авиаг орон зайд тодорхой байршил бүхий бие даасан объект хэлбэрээр боловсруулах боломж олгодог. Ингэснээр сонсогч хөгжмийн эгшгийг урд, ард, хажуу талаас төдийгүй дээрээс сонсож буй мэт мэдрэх боломжтой аж.

Д.Болд шинэ цомгийн дуугаралтыг томоохон найрал хөгжмийн дунд зогсож буй мэт мэдрэмж төрүүлсэн хэмээн тодорхойлжээ. Мөн энэхүү технологийн дуугаралтыг студиэс гадна чихэвч, гар утас, гэрийн чанга яригч болон автомашины тохирох дууны системээр мэдрэх боломжтойг онцолсон байна.

Тэрбээр “Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Монголын хөгжмийн урлагийн цоо шинэ бүлэг яг эндээс эхэлж байна” хэмээн нийтэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй