Дэлхий дахинаа Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитоор хадгалж үлдсэн гэгддэг түүхэн эш хөргийг Тайванийн музей маш богино хугацаанд олон нийтэд толилуулахаар боллоо. Даруй 740 гаруй жилийн настай эл зургийн эх хувийг Тайванийн “Үндэсний хааны ордон музей” ирэх долдугаар сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Чингис хаан болон бусад хаад, хатдын хөргийн хамт дэлгэн үзүүлэхээр товложээ. Энэхүү хосгүй нандин үзмэрүүдийг хамгийн сүүлд 15 жилийн өмнө олны хүртээл болгож байсан бөгөөд ийнхүү урт хугацааны дараа дахин ил гаргаж байгаа нь энэ юм.
Хубилай хааны дурсамжаар бүтсэн “Ам зураг”
Уг түүхэн эш хөргийг 1278-1279 оны хооронд Хорихасун хэмээх монгол зураач бүтээж байсан түүхтэй. Энэхүү хөргийг өвөөгөө нүдээрээ харж өссөн түүний ач хүү Хубилай хааны яриаг голлон, мөн Их хааныг амьд сэрүүнд нь харж байсан бусад “гэрчүүдийн” дүрслэл, тодорхойлолттой нэгтгэн төсөөлж зурсан байдаг. Өнөөгийн ойлголтоор бол хамгийн анхны түүхэн “ам зураг” юм.
Тухайн үед Чингис хаанаас гадна Юань гүрний зарим хаад, хатдын хөргийг ч мөн дагалдуулан бүтээсэн бөгөөд улмаар тусгай тахилгын сүм байгуулан залж, үе үеэрээ тахин шүтэж иржээ. Ийнхүү олон зууныг дамжин хадгалагдсан Монголын эзэнт гүрний үеийн соёлын үнэт өвийг маш богино хугацаанд, ердөө тавхан өдөр дэлхий дахинд нээлттэй харуулах гэж буй нь түүхч, судлаачдын дунд томоохон хүлээлт үүсгээд байна.