“ТВ8” телевиз болон “HR Corporation”-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “BE STRONG” реалити шоу өдгөө үзэгчдийн анхаарлын төвд байгаа хамгийн эрэлттэй контентуудын нэг болоод байна. Хүний бие махбод, сэтгэл зүй, амьдралыг үзэх үзлийн өөрчлөлтийг бодитоор харуулж буй уг нэвтрүүлэг нь үндэсний хэмжээний анхны томоохон реалити шоу гэдгээрээ онцлогтой. Оролцогчид өөрсдийн алдаа оноо, амьдралын хатуу хөтүүг олны өмнө нээлттэй хуваалцаж, дугаар бүрт өөрийгөө шинээр нээсээр байна.
Өнгөрсөн даваа гарагийн дугаарт оролцогч Ё.Мөнгөнсарнай өөрт тохиолдсон хүнд сорилт болон түүнийг хэрхэн даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхээ Ё.Мөнхдэмбэрэлтэй ярилцах үедээ дэлгэсэн юм. Тэрээр амьдралын гэнэтийн эргэлтээс болж тэргэнцэр дээр суух болсон ч бууж өгөлгүй эргэн босох хүчийг хаанаас авснаа ийнхүү хуучиллаа.

Ё.Мөнгөнсарнайгийн хуваалцсан сэтгэлийн үгс:
- Хамгийн том мотив: “Хүү маань надад хамгийн их нөлөөлсөн. Тэргэнцэр дээр суугаад бүх зүйл дууслаа гэж бодож байх үед хүүгийн маань ‘Ээжээ, чи эргэж ирнэ биз дээ’ гэх үг намайг үхлийн тухай бодлоосоо салахад хүргэсэн.”
- Нийгмийн оролцоо: “Би зүгээр нэг гэртээ суудаг тэргэнцэртэй эмэгтэй баймааргүй байна. Дөрвөн хана ширтэж суухын оронд нийгэмд байр сууриа олж, хөл дээрээ босохын төлөө тэмцэх хэрэгтэй гэдгээ ухаарсан.”
- Зорилго: “Надад мөнгө хэрэгтэй, нийгэмд дахин гарах хэрэгтэй байсан учраас би маш хурдан сэтгэл зүйгээ цэгцэлж чадсан.”
Ё.Мөнгөнсарнай энэхүү шоугаар дамжуулан зөвхөн өөрийгөө өөрчлөөд зогсохгүй, олон нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үзэх хандлагыг өөрчлөхөөр зорин ажиллаж байна. Энтертайнмент болон баримтат элементийг хослуулсан “Be Strong” шоу нь нийт 18 дугаарын турш үзэгчдэд хүрэх юм.
Оролцогчдын бодит амьдрал, сэтгэл зүйн хувьсал, урам зориг өгөх түүхүүдийг харуулсан шинэ дугаарууд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт “ТВ8” телевизээр, мягмар, баасан гарагт “Channel-11” телевизээр үзэгчдийн хүртээл болж байна.