The Beatles хамтлагийн залуу насны тухай цувралын гол дүрүүд тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Hamburg Days

Variety” сэтгүүлийн мэдээлснээр, домогт “The Beatles” хамтлагийн Германд өнгөрүүлсэн эхэн үеийн он жилүүдэд зориулсан “Hamburg Days” цувралын зураг авалт Гамбург, Мюнхен болон Ливерпүүл хотуудад эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн зургаан ангит уг драмын гол дүрүүдийг бүтээх жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан байна.

Цувралын гол дүрүүд болох Жон Ленноны дүрд Риса Маннион тоглох бол Пол Маккартнигийн дүрийг Ливерпүүлийн дуучин, ая зохиогч Эллис Мерфи бүтээхээр болжээ. Харин Жорж Харрисоны дүрд шинэ залуу жүжигчин Харви Бретт сонгогдсон байна.

Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Стюарт Сатклиффийн дүрээр Луи Ландау, Пит Бестийн дүрээр Патрик Гилмор, гэрэл зурагчин Астрид Кирхгеррийн дүрээр Луна Жордан болон зураач Клаус Форманы дүрээр Каспер фон Бюлов нар багтжээ.

Төслийн найруулагч, шоуранераа “The Crown” цуврал дээр ажиллаж байсан Кристиан Швохов ажиллаж байна. Харин ерөнхий зохиолчоор “Succession” цувралын зохиолыг бичсэн Жейми Каррагер ажиллах ажээ.

Цувралын зохиолыг 1960-аад онд Гамбург хотноо “The Beatles”-ийн залуустай танилцаж байсан Германы зураач Клаус Форманы намтарчилсан бүтээлээс сэдэвлэн бичжээ. Үйл явдал Санкт-Паули дүүргийн шөнийн клубүүдэд Ливерпүүлийн төдийлөн танигдаагүй байсан залуу хамтлаг тоглож байсан үеийг харуулна.

Зохиолын дагуу залуу хөгжимчид зураач Клаус Форман болон гэрэл зурагчин Астрид Кирхгерр нартай танилцах бөгөөд энэхүү уулзалт нь хожим “дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу үзэгдэл” болон хувирах хамтлагийн төлөвшилд эргэлтийн цэг болсон гэж хөгжүүлэгчид үзэж байна.

Төслийн хөгжмийн продюсероор BAFTA-гийн шагналт, “Killing Eve” цуврал болон “Ocean’s Eleven” франчайз дээр ажилласан Девид Холмс ажиллаж байгаа юм.

Цувралыг “W&B Television”, “Turbine Studios” компаниуд “AGC Television” болон Германы “ZDF” сувагтай хамтран бүтээж байна. Их Британид уг цувралыг “BBC One” болон “BBC iPlayer” сувгаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгох ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй