“Грэмми-2027” хөгжмийн шагналын нэр дэвшигчдийг зарлаж, жагсаалтыг шагналын албан ёсны сайтад нийтэлжээ.
Энэ жил Бейонсе нэр дэвшсэн тоогоор тэргүүлээгүй ч карьерынхаа турш 100 удаа “Грэмми”-д нэр дэвшсэн анхны уран бүтээлч болсон байна. Тэр энэ удаа Morning Dew (Donk) дуугаараа “Шилдэг R&B соло үзүүлбэр” төрөлд ганцхан номинац авсан аж.
Raye 11 номинацаар тэргүүлжээ
Нэр дэвшсэн тоогоор Британийн дуучин Raye тэргүүлж, нийт 11 төрөлд өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр тэр нэг жилийн дотор хамгийн олон номинац авсан эмэгтэй уран бүтээлчийн үзүүлэлтээр Бейонсетой тэнцсэн байна. Raye-ийн This Music May Contain Hope цомог “Оны шилдэг цомог” төрөлд нэр дэвшсэн бол Where Is My Husband! дуу нь “Оны шилдэг бичлэг”, “Оны шилдэг дуу” гэсэн хоёр гол төрөлд өрсөлдөнө.
Розалия есөн төрөлд нэр дэвшжээ
Испанийн дуучин Розалия нийт есөн төрөлд нэр дэвшсэн байна. Түүний Lux цомог “Оны шилдэг цомог” төрөлд өрсөлдөх бол Berghain дуу нь “Оны шилдэг бичлэг” болон “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшжээ. “Грэмми” буюу Grammy Awards нь The Recording Academy-аас 1958 онд үүсгэн байгуулсан, жил бүр олгодог Америкийн хөгжмийн шагнал юм. Ялагчдад граммофоны хэлбэртэй алтадсан баримал гардуулдаг.
