Улаанбаатар хотын захиргаа Сэлбэ голын дутуу болон чанаргүй тохижилтыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа

Сэлбэ голын даланг хүчитгэх, урсцыг сайжруулах болон болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт өрнөж буй тохижилтын ажил сүүлийн нэг сар гаруйн хугацаанд гацсанд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Олон нийтийн гомдлын мөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныхны хамт барилга угсралтын талбайд биечлэн ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Санхүүжилтийн гацалт ба хугацаа алдсан шалтгаан

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Силла” группийн захирал О.Мөнхбаатарын тайлбарласнаар, Сэлбэ голын эрэг дагуух зүлэгжүүлэлт, явган хүний зам, гэрэлтүүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замын ажлууд график төлөвлөгөөний дагуу энэ сарын 30-нд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд санхүүжилт бүрэн зогссоны улмаас ажил гацсан байна. Уг төслийг анх 2025 оны есдүгээр сард эхлүүлсэн ч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зохицуулалтаас шалтгаалан тухайн оны санхүүжилт олгогдоогүй бөгөөд 2025 оны гэрээг 2026 онд нэмэлтээр сунган үргэлжлүүлж байгаа аж. Мөн зураг төсөлд тусгагдаагүй зарим нэмэлт ажлуудыг гүйцэтгэж байгаа нь хугацаа алдах шалтгаан болжээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажил гүйцэтгэлд хойрог, хариуцлагагүй хандаж байгааг шүүмжлээд, санхүүжилтийн асуудлыг ойрын өдрүүдэд багтаан шийдвэрлэхээ амлав. Тэрбээр “Хөрөнгө mөнгийг нь шийдэж өгөх учраас ажлаа чанарын өндөр түвшинд шуурхай гүйцэтгэж яаравчлан дуусгах шаардлагатай. Хэрэв чанаргүй, дутуу гүйцэтгэлтэй байвал хотын захиргаа хүлээж авахгүй” гэдгийг хатуу сануулсан байна.

Үерийн хамгаалалтын цогц ажлын техникийн үзүүлэлтүүд

Төслийн хүрээнд Натур орчмын бүсэд үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор хэд хэдэн томоохон инженерийн байгууламж баригдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн дараах ажлуудыг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөжээ:

  • Үндсэн хана: Натур орчимд 1.4 км урттай, 4.1-6.9 метр өндөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана болон чулуун бэхэлгээг хийсэн.
  • Явган хүний зам: Голын хоёр эргийн дагуу тус бүр 2.5 метр өргөн байгалийн чулуун хавтан бүхий явган хүний зам тавих.
  • Дэд бүтэц, тохижилт: Гэрэлтүүлгийн кабель шугам татаж, шинэ шонгууд байршуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус болон төмөр бетон хийцлэлтэй металл шат хийх.
  • Засвар, зүлэгжүүлэлт: Хуучин явган хүний гүүрийг засварлаж, хайс хашлага шинээр хийхээс гадна эргийн дагуу зүлэгжүүлэлт хийж, ханыг ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй