Дэлхий даяар 45 сая гаруй цомог борлуулж, поп хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн “Boyzone” хамтлагийн гишүүн, дуучин Ронан Китинг Монголын үзэгчидтэй анх удаа уулзахаар боллоо. Тэрээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах “KHARKHORUM visual art & music festival”-ын хүндэт зочноор оролцох гэж байна.
“Notting Hill” киноны саундтрек “When You Say Nothing at All”, мөн бие даасан уран бүтээлийнх нь нэрийн хуудас болсон “Life Is a Rollercoaster”, “If Tomorrow Never Comes” зэрэг сэтгэлд хоногшсон хитүүдийг амилуулсан тэрээр “The X Factor”, “The Voice Australia” шоуны шүүгч, радио хөтлөгч, жүжигчний хувиар олон талт авьяасаа таниулсан нэгэн юм.
Соёл, хөгжим ба инновацын орон зай
Сүүлийн гурван жил тасралтгүй өргөжин тэлж буй “KHARKHORUM” фестиваль энэ жилээс зөвхөн хөгжмийн шоунаас гадна нийгэм болон соёлын салбарт үнэ цэн бүтээх зорилго тавьжээ. Үүний хүрээнд урлагийн инсталляц, бүтээлч хэлэлцүүлэг, залууст зориулсан инновацын воркшопуудыг нэгтгэж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн хөгжмийн үдшийг хэв маягаар нь хоёр хэсэгт хуваажээ:
- Эхний өдөр (Электрон хөгжим): Хөтөлбөрийг олон улсад танигдсан DJ, продюсер 8Kays тэргүүлэх бөгөөд Билгүүдэй, Бодьхүү, Dott, Leafar Leagov, Ouissam болон b2b Emel нарын дотоод, гадаадын уран бүтээлчид хэмнэл нэмнэ.
- Хоёр дахь өдөр (Рок, поп ба инди): Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “Mohanik”, “Colors”, “Blindfold”, “Camerton” хамтлагууд тайзнаа гарах бөгөөд наадмын визитка болсон Ронан Китингийн тоглолтоор үргэлжилнэ.