Япон визний хураамжаа 1978 оноос хойш анх удаа өсгөнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Япон визний хураамжаа 1978 оноос хойш анх удаа өсгөнө

Япон улс лхагва гарагаас /2026.07.01/ визний хураамжаа огцом нэмэгдүүлэхээр боллоо. Тус улс 1978 оноос хойш анх удаа визний төлбөрөө шинэчилж байгаа бөгөөд нэмэгдэл 400 хүртэл хувьд хүрэх юм.

Ковидийн цар тахлын дараа Японыг зорих гадаадын жуулчдын урсгал эрс нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ жуулчдыг хүлээн авахтай холбоотой зардал өсөж, валютын ханшийн хэлбэлзэл нэмэгдсэн нь визний хураамжийг шинэчлэх үндэслэл болжээ.

Шинэчилсэн хураамжийн хэмжээ:

  • Нэг удаа хилээр нэвтрэх визний өргөдлийн хураамж гурван мянган иенээс (66,360 төгрөг) 15 мянган иен (331,800 төгрөг) болж нэмэгдэнэ.
  • Олон удаа нэвтрэх визний хураамж зургаан мянган иенээс (132,720) 30 мянган иен (663,600 төгрөг) болж өснө.

Япон улс 2024 болон 2025 онд жуулчдын тоогоороо түүхэн дээд үзүүлэлт тогтоожээ. Тухайлбал, өнгөрсөн хоёр жил 36.8 сая, 42.6 сая жуулчин хүлээн авсан нь аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн өсөлтийн нэг чухал хөдөлгөгч хүчин болгосон байна.

Аялал жуулчлалын өсөлт нь Японы ДНБ-д эерэг нөлөө үзүүлж байгаа ч дэд бүтэц, үйлчилгээ, зохицуулалтын зардлыг нэмэгдүүлж буй. Жеймс Күүкийн их сургуульд аялал жуулчлалын менежментийн ахлах багшаар ажилладаг Зимлия Камбле энэ талаар “Визний хураамж өссөн нь жуулчдын тоо нэмэгдсэний улмаас үүсэж буй зардлыг бага зэрэг нөхөхөд тусалж магадгүй” гэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй