Гадаад харилцааны яамнаас урд хөршийн Эрээн хотыг зорихоор төлөвлөж буй монголчуудад хандан чухал сэрэмжлүүлэг гаргалаа. Энэхүү мэдэгдлээр БНХАУ-ын хилийн хяналтын бүсээр нэвтрэхдээ биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг хуульд заасан хязгаараас хэтрүүлсэн бол гаалийн мэдүүлэгт заавал үнэн зөвөөр тусгах ёстойг онцгойлон сануулсан байна.
Хилээр бэлэн мөнгө нэвтрүүлэх зөвшөөрөгдөх хэмжээ
БНХАУ-руу орох болон гарах чиглэлд зорчигчдын авч явах мөнгөн дүнгээс хамаарч гаалийн тусгай зохицуулалт үйлчилдэг. Хэрэв иргэн та хилээр нэвтрэхдээ 20,000 юаниас дээш хэмжээний бэлэн юань, эсвэл 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа тохиолдолд гаальд заавал мэдүүлэх шаардлагатай. Эдгээр мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, бусдын нэр дээр хуваан тарааж хил давуулахыг оролдох, эсхүл мөнгөний хууль ёсны эх үүсвэрийг баталж чадахгүй бол Хятадын хил дээр саатах эрсдэл үүснэ. Улмаар бэлэн мөнгийг түр хураах, торгууль ногдуулах, цаашлаад хууль хяналтын байгууллагад шалгагдах хүртэл хатуу арга хэмжээ авдаг байна.
Дээрх төрлийн зөрчлүүдийг шийдвэрлэхдээ БНХАУ-ын Гаалийн тухай хууль болон Гаалийн захиргааны зөрчлийн журмыг баримталдаг байна. Мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг аж. Хэрэв зорчигч хуурамч мэдүүлэг өгсөн, эсвэл хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явсан ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг эрсдэлтэйг ГХЯ-наас анхааруулав.
Зорчигчдод зориулсан практик зөвлөмжүүд
Иргэдийг хил дээр санхүүгийн болон эрх зүйн хохирол амсахаас сэргийлж ГХЯ-наас хэд хэдэн зөвлөгөөг гаргажээ. Зорчигч та бүхэн аялалдаа гарахдаа дараах дүрмүүдийг чанд мөрдөж хэвшихийг уриалж байна:
- Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх.
- Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах.
- Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах.
- Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх.
- Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах.
- Бусдын мөнго, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байх.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Иймд иргэн та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.