АИ-92 шатахууны үнэ 500–550 төгрөгөөр өссөнийг импортын үнэтэй холбон тайлбарлав

0 comments
Б.Мөнхтамир

АИ-92 шатахууны үнэ литр тутамд 500–550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өссөнтэй холбоотой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээллээ.

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр тэрбээр 2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 төрлийн нийт 78 мянган тонн шатахуун импортлохоор гэрээлсэн гэж мэдэгдэв.

Нэг тонн шатахууны үнэ 1063 ам.долларт хүрчээ

Б.Мөнхтамирын тайлбарласнаар, Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-аас шатахуун импортлохдоо Санкт-Петербургийн биржийн сарын дундаж ханшийг баримталдаг байна. Энэ сард нэг тонн шатахууныг 1063 ам.доллароор авч байгаа бөгөөд өмнөх сараас тонн тутмын үнэ 190 ам.доллароор нэмэгджээ.

Тэрбээр нэг тонн шатахуун ойролцоогоор 1250 литр болдог бөгөөд импортын үнэ дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал, НӨАТ болон бусад зардал нэмэгдэхэд литр тутмын үнэ 500–550 төгрөгөөр өсөж байгаа гэж тайлбарлав.

Нийлүүлэлт буурах эрсдэлтэй гэж үзэж байна

Дэд сайдын мэдээлснээр, Монгол Улс ОХУ-аас тогтвортой байдлын гэрээний хүрээнд гурван жилийн хугацаанд шатахуун авч ирсэн байна. Харин Орос-Украины дайны нөхцөл байдал, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлагуудын улмаас нийлүүлэлт багасаж, үнэ өссөн гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа тул эх үүсвэрээ төрөлжүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдээлэв.

БНХАУ болон бусад улстай хэлэлцээ хийж байна

Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгохыг нэн тэргүүний зорилт гэж үзэж байгаа бөгөөд БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улсаас шатахуун импортлох боломжийн талаар хэлэлцээ хийж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй