Б.Батцэцэг: Монгол Улсын нэрээр өөр улсын иргэн оролцсон асуудлыг зүгээр орхихгүй

0 comments
Б.Батцэцэг

Тайланд улсад болсон “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн БНХАУ-ын иргэн Amber Yuhan оролцсонтой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Тэрбээр Монгол Улсын нэрийг ашиглан өөр улсын иргэн тэмцээнд оролцсон асуудлаар Тайландын талд албан ёсоор хандсан бөгөөд уг асуудлыг цаашид ч дипломат шугамаар үргэлжлүүлэн тавина гэв.

Тайландын Гадаад хэргийн яаманд ноот бичиг хүргүүлжээ

Б.Батцэцэгийн мэдээлснээр, Гадаад харилцааны яам тэмцээнийг зохион байгуулсан Тайландын хувийн хэвшлийн компанид хандахын зэрэгцээ тус улсын Гадаад хэргийн яаманд албан захидал, ноот бичиг хүргүүлсэн байна.

Мөн Монгол Улсаас Тайланд улсад суугаа Элчин сайдын яам уг асуудлыг хөөцөлдөн ажиллажээ.

Сайд Б.Батцэцэг “Харамсалтай нь энэ компани бидний үгийг аваагүй. Тэмцээн дуустал ямар нэг хариу өгөөгүй. ‘Бид танай хүсэлтийг авлаа. Нягталж үзье. Энэ асуудалд анхааръя’ гэсэн хариу өгсөөр байгаад тэмцээнийг дуусгасан” гэж хэлсэн байна.

Монгол Улсын нэр, тугийг ашиглахыг эсэргүүцнэ гэв

Тэрбээр “Энэ асуудлыг зүгээр орхихгүй, үргэлжлүүлэн хөөцөлдөнө. Дараа дараагийн тэмцээн уралдаануудад Монгол Улсын туг далбаа, Монгол Улсын нэрийг ашиглахыг бид хатуу эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.

Мөн асуудлыг Тайландын Засгийн газарт дипломат шугамаар тавьсан бөгөөд зохион байгуулагч компанид хариуцлага тооцно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй