“Miss Grand International”-д Монголыг төлөөлж буй оролцогчийн асуудлаар дипломат шугамаар ханджээ

0 comments
Б.Бат-Эрдэнэ

Тайланд Улсад үргэлжилж буй “Miss Grand International” тэмцээнд Amber Yuhan нэртэй оролцогч Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа нь цахим орчинд маргаан дагуулаад байна. Монголын талаас энэ асуудлыг холбогдох дипломат байгууллагуудаар дамжуулан тавьж, тэмцээний зохион байгуулагч талд байр сууриа хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлжээ.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр тухайн улсад суугаа Монголын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд асуудлыг уламжилсан байна. Мөн салбарын сайд Р.Алдаржавхлан Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн гэж тэр мэдээлжээ.

Монголд энэ жилийн сонгон шалгаруулалт болоогүй

Эх сурвалжид дурдсанаар 2026 оны “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцогчийг шалгаруулах үндэсний сонгон шалгаруулалт энэ жил Монголд зохион байгуулагдаагүй байна. Гэсэн ч олон улсын тэмцээний танилцуулгад Amber Yuhan Монголын нэрийн өмнөөс оролцож байгаа нь маргааны гол шалтгаан болжээ.

Энэ асуудлаар АНДРА академийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл өмнө нь салбарын сайд Р.Алдаржавхлантай уулзсан байна. Үүний дараа яамнаас дипломат шугамаар холбогдох байгууллагуудад хандаж эхэлсэн гэж мэдээлжээ.

Тэмцээнээс хасуулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэв

Б.Бат-Эрдэнэ Монгол Улсыг төлөөлж буй оролцогчийн асуудлыг албан ёсны сувгаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцолсон байна. Гэхдээ тэмцээний зохион байгуулагчид ямар шийдвэр гаргасан эсэх, оролцогчийн статус өөрчлөгдсөн эсэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.

Иймээс Amber Yuhan тэмцээнд үргэлжлүүлэн оролцох эсэх нь зохион байгуулагч талын албан шийдвэрээс хамаарах бөгөөд Монголын талаас хүргүүлсэн хүсэлтийн хариу хараахан тодорхой болоогүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй