БНХАУ-аас авах 6000 тонн шатахууны ачилт маргаашаас эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Дашпүрэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станцад иргэд дараалалд зогсох нөхцөл байдал бий болсон талаар тус яамнаас тайлбарлав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсад үүсээд байгаа газрын тосны бүтээгдэхүүний хомсдол иргэдийг бухимдуулсан, оочир дугаарлалт үүссэн нөхцөл байдалтай байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбогдолтой сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн асуудал заримдаа доголдож байна. АҮЭБЯ-ын зүгээс нөөцөө нэмэгдүүлэх хүрээнд олон ажлууд хийсээр ирсэн. Хамгийн том асуудал нь нөөцийн савны асуудал. Монгол Улсын Засгийн газраас нөөцийн саваа нэмэгдүүлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа” гэв.

Түүний хэлснээр Монгол Улс замд яваа вагоны нөөцөө оруулан тооцсон ч газрын тосны бүтээгдэхүүний хамгийн ихдээ 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой байна. Харин зөвхөн агуулах савны хүчин чадлаар 30 хоногийн нөөц хадгалах боломжтой аж.

Дотоодын аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ өссөн гэж яамнаас үзэж байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний нөөц 15 хоног буюу 31 мянган тонн байгаа бол дизель түлшний нөөц 20 хоног буюу 80 мянган тонн байна.

Шатахууны нөөц нэмэгдүүлэх хүрээнд авч буй арга хэмжээнүүд:

  • ОХУ-аас өмнө авч байсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, захиалгаа баталгаажуулсан;
  • БНСУ-аас Jet A-1 төрлийн онгоцны түлш авахаар тохирсон;
  • БНСУ-аас авах эхний 1000 тонн бүтээгдэхүүн маргааш ирнэ;
  • БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95, Евро-5 төрлийн бүтээгдэхүүн авахаар хэлцэл хийсэн;
  • БНХАУ-аас авах бүтээгдэхүүний ачилтыг маргаашаас эхлүүлнэ.

Б.Дашпүрэв энэ талаар “Нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас өмнө нь авсан хэмжээгээ нэмэгдүүлж захиалгаа баталгаажууллаа. Мөн БНСУ-аас бүтээгдэхүүн авахаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням холбогдох албаны хүмүүстэйгээ өнөөдөр БНСУ-ын холбогдох хүмүүстэй уулзалт хийж байна. Бид БНСУ-аас онгоцны түлш Jet A-1 төрлийн бүтээгдэхүүнийг авахаар тохирсон.Эхний 1000 тонн нь маргааш гэхэд ирнэ. Мөн БНХАУ-аас 6000 тонн АИ-92 болон АИ-95, Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг авахаар хэлцэл хийсэн. Өнөөдөр ААН-үүд авах хүсэлтээ илэрхийллээ. Маргаашнаас ачилтаа хийж эхэлнэ. Түүнчлэн Петровис, Содмонгол, Шунхлай, Тэс петролиум ХХК-ийн нөөц тодорхой хэмжээнд багассан хэдий ч маргаашаа нөөц нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх учир хомсдол буурна” хэмээн ярилаа.

Ийнхүү шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ОХУ, БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн татах ажлыг зэрэг эхлүүлж байгаа бөгөөд маргаашаас импортын нэмэлт ачилтууд хийгдэхээр байна. Яамны зүгээс томоохон шатахуун импортлогч компаниудын нөөц тодорхой хэмжээнд буурсан ч нийлүүлэлт нэмэгдсэнээр хомсдол буурна гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй