2026 оны намрын саруудын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтсээс 2026 оны 9–11 дүгээр саруудын төлөвийг тооцоолон гаргасан байна.
Уг урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн боловсруулдаг. Энэ удаагийн мэдээллээр баруун аймгуудын нутгаар намар харьцангуй дулаан, хур тунадас багатай байх төлөв ажиглагдаж байгаа бол төв, говь болон зүүн аймгуудын зарим хэсгээр сэрүүн, хур тунадас ахиу байх магадлалтай байна.
Есдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан байх төлөвтэй байна. Харин Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх аж.
Аравдугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим байна. Бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй гэж тооцоолжээ.
Арваннэгдүгээр сард Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан байх төлөв гарсан байна. Харин Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Намрын саруудын ерөнхий төлөв:
- Баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаан байх хандлагатай
- 9 болон 11 дүгээр саруудад төв, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудаар хур тунадас ахиу орох төлөвтэй
- Зарим бүсэд агаарын дундаж температур олон жилийн дундажаас сэрүүн байх магадлалтай
- Нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах эрсдэлтэй
Иймээс ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагуудыг өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг ХХААХҮЯ-наас анхааруулжээ. Ялангуяа хур тунадас ахиу орох бүс нутгуудад хадлан тэжээл, тариа хураалт, малын отор нүүдэл, түлш шатахуун болон зам тээврийн бэлэн байдлыг урьдчилан тооцох шаардлагатай байна.
Намрын цаг агаарын төлөв нь бүс нутгаар ялгаатай байгаа тул орон нутгийн иргэд сар бүр шинэчлэгдэх цаг агаарын мэдээллийг тогтмол авч, ажлаа төлөвлөх нь чухал юм. Төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудад сэрүүн, тунадас ихтэй нөхцөл давамгайлах магадлалтай тул эрсдэлийн бэлтгэлд онцгой анхаарахыг зөвлөж байна.