Монгол Улсад цахим орчин дахь өсвөр үеийнхний аюулгүй байдлыг хангах, технологийн хамгаалалт болон насны заагийг тодорхой болгох шинэ эрх зүйн орчныг боловсруулж эхэллээ. Энэ хүрээнд бэлтгэсэн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” анхдагч хуулийн төсөлд 13-аас доош насныхныг цахим талбарт бүртгэл нээхийг бүрмөсөн хязгаарлахаар тусгасан байна. Харин 13-16 насны хүүхдүүдийн хувьд аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоо, зохистой хэрэглээний хязгаартайгаар нийгмийн сүлжээ ашиглах зохицуулалтыг төлөвлөжээ.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор болон Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, тэднээс санал, судалгаа авсан байна. Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэв. Хүүхдүүдийн дундах энэхүү санал асуулга, хэлэлцүүлгийг цаашид ч бусад ерөнхий боловсролын сургуулиудад шат дараатай өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Шинэ хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заасан зөвлөмжийг суурь болгосон байна. Тус заалтад гишүүн орнууд үндэсний хууль тогтоомжоо олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэхийг уриалсан байдаг юм. Үүний дагуу АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын дэвшилтэт туршлагыг нарийвчлан судалжээ. Эдгээр орнууд цахим платформуудын үйлчилгээний чиглэл болон хүүхдэд үзүүлэх эрсдэлийн түвшинд тулгуурлан дараах ялгамжтай зохицуулалтуудыг хэрэгжүүлдэг байна.
- Их Британи, Европын Холбоо, Австрали: Үйлчилгээ үзүүлэгч компаниудад нас баталгаажуулах, алгоритмын сөрөг нөлөөг бууруулах, хортой контентод эрсдэлийн үнэлгээ хийх болон хүүхдэд зориулсан аюулгүй тохиргоог анхнаас нь бий болгох үүрэг хүлээлгэдэг.
- Сингапур: Нийгмийн сүлжээг бүрэн хориглох бус, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн технологийн урьдчилан сэргийлэх хамгаалалтыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Дэлхийн улс орнуудын эдгээр туршлагад үндэслэн манай улсын хуулийн төсөлд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдийг эрсдэлийнх нь зэрэглэлээр ангилахаар тусгажээ. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг хуульчлан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.