Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа хагас цагийн тоглолт буюу тусгай шоу хөтөлбөр зохион байгуулав. АНУ-ын алдартай “Super Bowl”-ийн завсарлагыг санагдуулам уг нүсэр тоглолтод дэлхийн хэмжээний одод болох BTS, Мадонна, Жастин Бибер, Шакира нар оролцож, цэнгэлдэхийг байлдан дагуулсан байна. Энэхүү түүхэн тоглолтыг поп хатан хаан Мадонна нээж, өөрийн 2000-аад оны алдартай хит болох “Music” дуугаараа үзэгчдийг суудлаас нь босгожээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Бразилын хөлбөмбөгийн амьд домгууд болох Роналдо, Роналдиньо нартай хамт тайзан дээр гарч ирж гэнэтийн бэлэг барьсан юм.
Шоу нэвтрүүлгийн үндсэн хөтөлбөр маш шахуу бөгөөд сонирхолтой дарааллаар үргэлжилсэн байна. Тухайлбал, дэлхийн өнцөг буулан бүрийн хөгжөөн дэмжигчдийг доргиосон одод дараах байдлаар уран бүтээлээ толилуулжээ.
- Мадоннагийн араас Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлаг тайзнаа гарч, өөрсдийн нэрийн хуудас болсон “Dynamite” хит дуугаа толилуулав.

- Үүний дараа жүжигчин Жэйсон Судейкис, Брэндан Хант нар үзэгчиддээ поп од Жастин Биберийг дараагийн дуучнаар урин танилцуулсан байна.
- Дуучин Жастин Бибер тайзан дээр гарч “Everything Hallelujah” дуугаараа цэнгэлдэхийн уур амьсгалыг түр зөөлрүүлсэн бөгөөд уран бүтээлийнхээ төгсгөлийн үгийг “World Cup Hallelujah” болгон өөрчилж дуулсан нь онцлог байлаа.

- Шоуны хаалтыг колумб гаралтай дуучин Шакира болон Нигерийн дуучин “Burna Boy” нар хамтран хийж, энэ удаагийн ДАШТ-ий албан ёсны сүлд дуу болох “Dai Dai”-г дуулж дуусгажээ.

Уг нүсэр шоу хөтөлбөр эхлэхээс өмнө хөлбөмбөг сонирхогчдын зүгээс багагүй шүүмжлэл гарч байсныг хэвлэлүүд онцолж байна. Учир нь финалд шалгарсан багуудын уламжлалт 15 минутын завсарлагыг ийнхүү өөрчилсөнд хүмүүс дургүйцэж байсан юм. Хэдийгээр алдартнуудын хагас цагийн тоглолт өөрөө 11 минут үргэлжилсэн ч ажилчид талбайгаас тайз, тоног төхөөрөмжөө хурааж зөөх хугацаа нийлээд нийтдээ 27 минут болж сунажээ.
