ОХУ-ын Волгоград хотын эмч нар ходоод болон улаан хоолойноос нь 200 гаруй гадны биет олдсон эрэгтэйд ер бусын өвөрмөц хагалгаа хийжээ. Энэ тухай Волгоград мужийн Эрүүл мэндийг хамгаалах хорооноос мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, өдгөө 50 настай өвчтөн ходоод гэдэсний замын цус алдалт гэсэн оноштойгоор тус хотын 25 дугаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Гэвч түүний дотор эрхтнийг шинжлэхэд олон жилийн туршлагатай эмч нарыг ч уулга алдуулам дүр зураг угтсан байна. Уг эрэгтэйн ходоод болон улаан хоолойноос нийт 227 ширхэг гадны биет олдсоны дотор янз бүрийн нэрлэсэн үнэ бүхий зооснууд, 11 ширхэг гайк (эрэг чангалагч боолт) болон хоёр ширхэг хаалганы нугас байжээ.
“Энэхүү хагалгааны онцлог нь ямар нэгэн зүсэлт, хүнд мэс ажилбар хийлгүйгээр, малоинвазив (хөнөөл багатай) эндоскопийн (уян дурангийн арга) аргаар хийгдсэнд оршиж байгаа юм. Ийм арга барил нь өвчтөний бие махбодод ирэх гэмтэл бэртлийг хамгийн бага түвшинд байлгаж, нөхөн сэргэх үйл явцыг хурдасгадаг” хэмээн Волгоград хотын эмч нар онцлов.
Өвчтөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд эмчилгээг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан байна. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн, эрүүл мэнд нь дээрдэж байгаа бөгөөд амь насанд нь ямар нэгэн аюул байхгүй гэж тус хорооны мэдээлэлд дурджээ.
