ЭСЯ: Монголын нэрээр оролцож буй хятад миссийн асуудлаар албан ёсны хариу ирээгүй

0 comments
Амбер Юхань

“Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож буй асуудлаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулагчдад удаа дараа албан ёсоор хандсан ч одоогоор эцсийн тайлбар, дүгнэлт ирүүлээгүй байна.

Тус тэмцээн 2026 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 10-ны хооронд Бангкок хотод болсон бөгөөд Амбер Юухан нэртэй оролцогч Монгол Улсын нэрээр оролцсон нь маргаан дагуулсан юм.

Монголын нэр, бэлгэдлийг ашиглахаа зогсоохыг шаарджээ

ЭСЯ-наас тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company болон тус компанийн гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд хандахдаа тухайн оролцогч Монгол Улсын иргэн биш гэдгийг онцолжээ.

Мөн Монгол Улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар албан ёсоор шалгаруулсан төлөөлөгч байхгүй тул Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний хувцсыг дур мэдэн ашиглахаа нэн даруй зогсоож, тайлбар хийхийг шаардсан байна.

Зохион байгуулагчид дотоод шалгалт хийж байгаа гэж мэдэгдсэн

ЭСЯ-ны мэдээлснээр, зохион байгуулагчид Монголын талаас тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгдэж, тухайн оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах болон холбогдох баримт бичигт дотоод хяналт шалгалт хийж байгаагаа илэрхийлжээ.

Мөн шалгалтын дүгнэлт, албан ёсны хариуг Монголын талд ирүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг хариу ирээгүй байна.

Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй