Нийслэлийн хэмжээнд энэ онд баавгай үзэгдсэн тухай нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр баавгай аюулгүйн торон хашаанд байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр мэдээлжээ.
Тэрбээр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Улиастайн ам орчимд 56 айл амьдардаг бөгөөд хашаа хороогүй, монгол гэртэй өрх олон байдгийг онцолсон байна. Мөн баавгай монгол гэр рүү дайрах тохиолдол цөөнгүй гардаг гэж мэдээлжээ.
Баавгайг дулаан мэдрэгчтэй дроноор хайж байна
Өмнөх шөнө хүний амь нас хохироосон халдлагатай холбоотой баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Бороо орсны улмаас мөр нь баларсан тул дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан хайж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Улиастайн хойд талын модтой бүс нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат вилла орчмын нутагтай залгаа байрладаг аж. Түүнчлэн уг ойгоор дамжин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны модтой бүс рүү гарах боломжтой гэж мэдээлжээ.
Иймээс Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн бүсэд байгаа иргэд, мөн аялал зугаалгаар явж буй болон явган алхаж байгаа хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
