ФИФА ДАШТ-2026 финалын талбайн зүлгийг хэсэгчлэн худалдаална

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ФИФА

“Хөлбөмбөгийн түүхийн хэсэг” 390 еврогоос эхэлнэ

ФИФА 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын финал болох New York New Jersey цэнгэлдэхийн зүлгийг тоглолтын дараа хэсэгчлэн худалдахаар болжээ. Финал 7-р сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болно.

ФИФА-ийн дэлгүүрийн мэдээллээр, зүлгийн “дурсгалын” хэсгүүд 7-р сарын 11-ний өглөөнөөс худалдаанд гарсан бөгөөд үндсэн хувилбарын үнэ 390 евро байна. Худалдан авагчдад уг бүтээгдэхүүнийг “хөлбөмбөгийн түүхийн жинхэнэ хэсгийг эзэмших” боломж гэж сурталчилж байгаа аж.

Зүлгийн хэсгийг 2026 оны ДАШТ-ий логотой акрил хайрцагт хадгалж өгөх бөгөөд жинхэнэ болохыг батлах гэрчилгээ бүхий USB дагалдах юм. Тайлбарт нэг сегментийн хэмжээ 17.5 х 17.5 х 17.5 гэж дурдсан ч энэ нь ямар нэгжээр хэмжигдсэн нь тодорхойгүй байна.

Илүү үнэтэй хувилбарууд ч гарчээ

Үйлдвэрлэгчийн сайт дээр уг дурсгалын бүтээгдэхүүний нэмэлт элементтэй өөр хувилбарууд мөн худалдаалагдаж байна. Хамгийн үнэтэй иж бүрдэл нь ойролцоогоор 2500 евро хүрч байгаа аж.

ФИФА зүлгийг финалын тоглолт дууссаны дараа л хэсэглэн авах тул хөгжөөн дэмжигчид талбайн нөхцөлд санаа зовох шаардлагагүй гэж тайлбарлажээ.

Гэхдээ бүтээгдэхүүний дагалдах зурагнууд анхаарал татсан байна. Хиймэл оюунаар бүтээсэн мэт харагдах зургууд дээр зүлгийн хэсэг дөрвөлжин бус, тэгш өнцөгт хэлбэртэй дүрслэгдсэн байжээ. Мөн финалын оролцогчоор Англи, Аргентины шигшээ багуудын нэрийг харуулсан нь маргаан дагуулж байна. Учир нь эдгээр багууд зөвхөн хагас шигшээд таарах боломжтой гэж тэмдэглэгджээ.

Захиалгын илгээлт ДАШТ-ий финалын дараа эхлэх бөгөөд одоогоор зөвхөн АНУ, Их Британи болон эх газрын Европын хаяг руу хүргэлт хийх боломжтой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй