Хятадын Шанхай хотын хүүхэдгүй өндөр настай хос Ду Иньжун, Лу Суин нар насан туршдаа тун даруухан амьдарсан ч нас барсныхаа дараа асар том өв хөрөнгөө буяны үйлсэд зориулсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөлөө.
The South China Morning Post-ийн мэдээлснээр, тэд нийт 5 сая юань буюу ойролцоогоор 735 мянган ам.доллар хандивласан бөгөөд энэ мөнгөөр төрөлхийн зүрхний гажигтай 455 хүүхэд эмчилгээний тусламж авчээ. Хосын энэ үйлсийн талаар Шанхайд болсон буяны үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан байна.
Ду Иньжун 2018 онд 81 насандаа, харин эхнэр Лу Суин 2025 онд 92 насандаа таалал төгсжээ. Ду багш, Лу эмчээр ажиллаж байсан бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа ч тэд Шанхайд маш энгийн, хэмнэлттэй амьдарч байв.
2018 оны эхээр Ду Иньжун Шанхайн “Йода” зүрх, цээжний эмнэлгийн ойролцоо төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах уриалга бүхий зурагт хуудас харжээ. Үүний дараа хос эргэлзэлгүйгээр 500 мянган юань хандивласан бөгөөд энэ мөнгө 10 хүүхдийн эмчилгээнд хүрэлцсэн байна.

Удалгүй тэд дахин 4.5 сая юань буяны үйлсэд зориулах шийдвэр гаргажээ. Эмнэлгийн буяны төслийг хариуцаж байсан ажилтан тэдний гэрт очоод, байр нь хуучирч муудсан байгааг хараад ахмадуудад хадгаламжийнхаа ядаж хэсгийг өөрсдөдөө үлдээхийг зөвлөсөн байна. Харин Ду “Бид хоёрт их хугацаа үлдээгүй. Тэтгэвэртэй, бага зэрэг хуримтлалтай. Бидэнд их мөнгө хэрэггүй” гэж хариулжээ.
Нэг өдрийн хоолоо хуваадаг байсан ч бусдад тусалсаар иржээ
Хос өөрийн хүүхэдгүй байсан тул нас барсных нь дараа хөрөнгийнх нь хууль ёсны хамгаалагчаар Шанхайн гадаад дахь хятадуудын сан ажиллахаар албан ёсоор тохиролцсон байна. Хандивын бичиг баримтыг бүрдүүлснээс хэдхэн долоо хоногийн дараа Ду Иньжун хорт хавдрын улмаас нас баржээ.
Тэдний гэрээс хуучин тавилга, энгийн эд зүйлс олдсон бөгөөд бүр хугарсан хүрээг нь наалтаар тогтоосон нүдний шил хүртэл байжээ. Мөн өдөр тутмын зардлаа нарийн тэмдэглэсэн олон дэвтэр олдсон байна.
Сангийн ажилтнуудын ярьснаар, Ду Иньжун нийтийн хоолны газраас 17 юанийн үнэтэй нэг өдрийн хоол авч, эхнэртэйгээ хувааж иддэг байсан тухайгаа ярьдаг байжээ. Гэвч тэдний амьдрал зөвхөн хэмнэлтээр хязгаарлагдаагүй. Гэрт нь уншсан номын тэмдэглэл, сонины хайчилбар, хуучин пянз тоглуулагч, хийл, бадминтоны цохиур зэрэг оюун санааны баялаг амьдралын ул мөр хадгалагдан үлдсэн байна.
Ду мөн хөрөнгийн зах зээлийг сонирхдог байсан бөгөөд гэр бүлийн зардлаа бичдэг дэвтэртээ хувьцааны ханшийн өөрчлөлт, хөрөнгө оруулагчийн хувийн ажиглалтаа тэмдэглэдэг байжээ.
Тэд зөвхөн зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслаад зогсохгүй өмнө нь ч олон удаа хандив өргөж байсан. 2010 онд Чинхай мужийн Юйшу дахь газар хөдлөлтийн дараа 10 мянган юань, баруун хойд Хятадын иргэдийг цэвэр усаар хангах “Ээжүүдэд зориулсан усны худаг” төсөлд мөн адил хэмжээний мөнгө өгчээ. 2013 онд Сычуань мужийн Яань хотын газар хөдлөлтийн дараа 80 мянган юань, мөн орон нутгийн сурагчдын боловсролд 20 мянган юань хандивласан байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Шанхайн гадаад дахь хятадуудын сан хосын сүүлчийн хүслийг биелүүлж, чандрыг нь далайд өргөжээ. Сангийн төлөөлөгчид “Үхэл бол төгсгөл биш, мартагдах л төгсгөл юм. Тэдний нэр түүхэнд бичигдэхгүй байж болох ч тусламж авсан 455 хүүхэд энэ өндөр настай хосын чин сэтгэлийн хайрыг үргэлж санах болно” гэж хэлсэн байна.
Ду Иньжун, Лу Суин нарын түүх Хятадын нийгмийн сүлжээнд хурдан тархаж, олон хүн тэдний өгөөмөр сэтгэлд хүндэтгэл илэрхийлжээ.