Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Г.Солонго, Г.Адилбиш нарын асуудалд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хуулийн байгууллага нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан юм.
Өмнө нь прокуророос Г.Солонгыг 2024 оны хэрэгтэй нь холбогдуулан цагдан хорих санал гаргасныг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэж, 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Харин Г.Адилбиш өчигдөр товлогдсон шүүх хуралд өмгөөлөгчтэй биечлэн оролцох хүсэлт гаргаснаар хурал хойшилсон байв.
Тэгвэл Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өнөөдөр /2026.08.19/ Г.Адилбишид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хэлэлцжээ. Улмаар түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дараах нөхцөлүүд дурдагджээ:
- урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
- шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй;
- хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй гэж үзсэн;
- оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах магадлалтай гэж дүгнэсэн;
- гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэж үзжээ.
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдлүүдтэй холбогдуулан шалгаж байгаа юм. Тэд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагджээ.
Мөн туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг хэл амаар доромжилж, техник хэрэгслийг нь унтраасан, ажилчдын амрах сууцны дотор орчныг дуу-дүрсээр бичиж олон нийтэд тараасан гэх үйлдлүүд шалгагдаж байна. Түүнчлэн “Алтан дун дорнод монгол” компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтэрч, нэр бүхий иргэдийн биед халдсан гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.
Тухайлбал, нэг иргэний салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх мэдээлэл хэрэгт дурдагдсан байна. Дээрх нөхцөлүүдтэй холбогдуулан Г.Солонго, Г.Адилбиш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд хэргийн эцсийн дүгнэлт шүүхээр тогтоогдоогүй байна.