Монголын үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Б.Сарантуяа болон тус музейн Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хянан хэлэлцэхээр болоод байна. Гэвч яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь тэдний гэм буруутайг эцэслэн тогтоосон хэрэг биш юм.
44.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл
Хэргийн нөхцөл байдлыг сөхвөл, тэд 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр “Н…” ХХК-тай аялал жуулчлалын гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу БНХАУ-ын Санъяа хот руу шууд нисэх ажилд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болон музейн ажилтнууд болох нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулжээ.
Аяллын төлбөрийг шийдвэрлэхдээ “Музейн ваучерийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу байгууллагын орлогод орох ёстой байсан мөнгийг бартержуулах хэлбэрээр тохиролцсон гэж прокурорын байгууллагаас үзсэн байна. Ийнхүү бусдад давуу байдал бий болгосны улмаас Монголын үндэсний музейд 44.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа аж.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллав
Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргахаар болоод байна.
