Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарт холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэж, тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тэднийг бусадтай зүй бусаар харилцсан, хэл амаар доромжилсон, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэх зөрчлүүдэд холбогдуулан шалгасан байна.
Г.Солонго, Г.Адилбиш нарыг өмнө нь Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Мөн 2024 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэр гарсан үйлдлүүдтэй холбогдуулан Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гаргаад байна.
Шүүхийн шийдвэрт дурдагдсан үндэслэл нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх зэрэг нөхцөлтэй холбоотой байжээ. Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх эсхүл гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэж үзсэн байна.
Зөрчлийн хэрэгт дурдагдсан үйлдлүүд:
- 2025 оны гуравдугаар сарын 27-нд Дашбалбар сумын нэгдүгээр багт байрлах “Шинь Шинь” ХХК-ийн оффисын байранд бусдыг үг хэлээр гутаан доромжилж, бичлэг, лайв хийсэн;
- 2025 оны гуравдугаар сарын 15-нд Матад сумын нутаг дахь “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19-р талбайн үйлдвэрлэлийн баазад “Бронз стронг” ХХК-ийн ажилтантай зүй бусаар харилцсан;
- олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан;
- Халх гол сумын нутаг дахь 21-р талбайн үйлдвэрийн баазын хашааны хаалганы түгжээг эвдсэн;
- хятад хэл бичгээр хийгдсэн самбарыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх зөрчилд холбогджээ.
Мөрдөх байгууллага дээрх зөрчлийн хэргүүдийг нэгтгэн шалгаад шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг тус бүр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Энэ хэрэг нь зөвхөн дотоодын хууль хяналтын байгууллагын түвшинд бус, БНХАУ-ын Элчин сайдын яамны анхааралд орсон талаар өмнө нь мэдээлэгдэж байсан. БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан. Хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана” гэж мэдэгдсэн байдаг.
Ийнхүү нэр бүхий иргэдэд холбогдох зөрчлийн хэрэгт торгох шийтгэл оноосон бол эрүүгийн шинжтэй байж болзошгүй гэх бусад асуудлыг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Холбогдох хэргүүдийн эцсийн дүгнэлт шүүхээр тогтоогдоогүй тул гэм буруугийн асуудлыг албан ёсны шийдвэрийн хүрээнд авч үзэх шаардлагатай юм.