Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” жүжигт тоглоно

0 comments
С.Өлзийхүү

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Намайг дагуулаад яваач” сэтгэлзүйн драмын жүжигт дүр бүтээхээр болжээ.

Тэрбээр уран бүтээлийн гараагаа драмын театрын тайзнаас эхэлж, улмаар хошин урлаг, кино, телевизийн салбарт жүжигчин, хөтлөгч, продюсероор ажиллан, сүүлийн жилүүдэд “Хас урлан” фильмийг удирдан дэлгэцийн бүтээлүүд туурвиж байна.

Тайзны урлагаас хошин урлаг, кино руу

С.Өлзийхүү Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрээр тайзны уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Үүний дараа Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”, Теннесси Уильямсын “Хүслийн трамвай”, Карло Гальдонийн “Буудлын авхай” зэрэг жүжигт тоглосон байна.

2002 оноос “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж, хожим “Шилдэг өнгө” нэрээр уран бүтээлээ үргэлжлүүлсэн бол дараа нь “Хас урлан” фильмийг байгуулжээ.

Дэлгэцийн бүтээлийн хувьд 1993 онд найруулагч И.Нямгаваагийн “Цахилж яваа гөрөөс” кинонд анх тоглож, “Их хааны удам”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Нинжин сэтгэл”, “Нийслэл хүүхэн” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.

“Намайг дагуулаад яваач” хайр, дурсамж, сонголтын тухай өгүүлнэ

“Намайг дагуулаад яваач” жүжиг нь Оросын зохиолч Александр Володины “Таван үдэш” бүтээлээс сэдэвлэсэн сэтгэлзүйн драм юм. Жүжигт хайр дурлал, өнгөрсөн дурсамж, ганцаардал, хүний сонголтын тухай өгүүлнэ. Дүрүүдэд:

  • Б.Одончимэг
  • Т.Бархүү
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат
  • Гавьяат жүжигчин С.Өлзийхүү
  • Т.Энэрэл
  • Т.Дашсурмаа
  • “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй