Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, зарим аймаг, сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх болон нойтон цас орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Цас орох ба салхилах бүс нутгийн тов
Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд зарим нутгаар 0.0-5.0 мм хүртэл бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Тухайлбал, 29, 30-ны өдрүүдэд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдаар тунадас орох бол 10 дугаар сарын 1-нд Дорнодын нутгаар, 2-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим хэсгээр нойтон цас орох төлөвтэй байна.
Түүнчлэн 29-нд говь, тал хээрийн нутгаар, 30-нд зүүн аймаг болон 2-ны өдөр Алтайн салбар уулсаар салхины хурд секундэд 15-17 метр хүрч ширүүсэх бөгөөд өмнөд хэсгээр шороон шуурга шуурах аж.
Агаарын температур ба сэрүүсэлт
Шөнөдөө уулархаг нутаг болон голуудын хөндийгөөр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10…-15 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн байх бол Их нууруудын хотгор, говийн хойд болон зүүн хэсгээр -3…+2 градус, говийн баруун хэсгээр +3…+8 градус дулаан байна.
Өдөртөө Дархадын хотгор, уулархаг бүс болон голуудын хөндийгөөр -1…+4 градус дулаан, бусад нутгаар +4…+9 градус дулаан байх аж. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаахан буюу +10…+15 градус хүрнэ.
