БНХАУ-ын Шэньжэнь хотод арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болохоор товлогджээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван талт хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна.
Иран болон цөмийн зэвсгийн хяналтын асуудлыг хэлэлцэх сонирхолтой байна
Дональд Трамп гурван улсын удирдагчдын уулзалтаар Ираны асуудал, цөмийн зэвсгийн хяналтын талаар хэлэлцэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Украины дайны асуудлыг уг уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар төлөвлөөгүй гэж АНУ-ын албаны хүн мэдээлсэн байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа, ОХУ-ын Украинд явуулж буй дайн болон Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдлын улмаас гурван улсын удирдагчдын уулзалт олон улсын анхаарлыг татаж байна.
АПЕК-ийн уулзалтаар эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ
БНХАУ энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг “Хамтдаа цэцэглэн хөгжих Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах нь” уриан дор зохион байгуулж байна.
Оролцогч талууд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, хиймэл оюун ухаан болон дижитал эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн чөлөөт худалдааны бүс байгуулах урт хугацааны зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Анх 1989 онд байгуулагдсан АПЕК нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийг нэгтгэдэг бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 62 орчим хувь, олон улсын худалдааны бараг тал хувийг бүрдүүлдэг.
БНХАУ хамгийн сүүлд 2014 онд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан бол энэ жил 12 жилийн дараа дахин тус байгууллагыг даргалж байна.
