Цар тахлын улмаас 2020 онд зогсоосон Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг зургаан жилийн дараа сэргээхээр болжээ. ОХУ болон БНХАУ-ын төмөр замын байгууллагуудын хэлэлцээний үр дүнд тус чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын сүүлээс эхлүүлэхээр тохиролцсон байна.
ОХУ-ын “Российская газета” сонины мэдээлснээр, эхний галт тэрэг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд Бээжин хотоос хөдөлнө. Харин Эрхүүгээс Бээжин чиглэлд зорчих анхны галт тэрэг арваннэгдүгээр сарын 28-нд аяллаа эхлүүлэх аж.
Бээжингээс долоо хоног бүрийн Лхагва гарагт хөдөлнө
Шинэчилсэн хуваарийн дагуу Бээжин хотоос галт тэрэг долоо хоног бүрийн Лхагва гарагийн 07:27 цагт хөдөлж, Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирэх юм. Улмаар Баасан гарагийн 14:55 цагт ОХУ-ын Эрхүү хотод хүрэхээр төлөвлөжээ. Харин буцах чиглэлийн галт тэрэг Эрхүү хотоос Бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт зогсоно. Үргэлжлүүлэн Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрэх хуваарьтай байна.
Монгол, Хятад, Оросын нийт 11 өртөөгөөр дайрна
Бээжин–Эрхүү чиглэлийн галт тэрэг Улаанбаатараар дамжин өнгөрөх бөгөөд гурван улсын хэд хэдэн өртөөнд зогсохоор болжээ. Тодруулбал, БНХАУ-ын Цзининань, Эрээн, Монгол Улсын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, ОХУ-ын Наушки, Улаан-Үд, Слюдянка өртөөнүүдэд зогсох юм.
Ийнхүү 2020 оноос хойш тасалдаад байсан Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн олон улсын төмөр замын зорчигч тээвэр арваннэгдүгээр сарын 25-наас дахин үйлчилж эхлэхээр байна.
