Швейцарын зүрхний мэс засалч Гиннесийн дээд амжилтын номд хоёр дахь удаагаа бичигдлээ

0 comments 2 үзэлт
Диана Ресер

Швейцарын зүрхний мэс засалч Диана Ресер зүрхэн хэлбэртэй эд зүйлсийн дэлхийн хамгийн том цуглуулгыг бүрдүүлж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Энэ тухай Гиннесийн дээд амжилтын номын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.

Энэ нь түүний хувьд уг амжилтыг тогтоож буй хоёр дахь тохиолдол юм. Тэрээр анх 2010 онд 775 ширхэг зүрхэн хэлбэртэй эд зүйл цуглуулан дээд амжилт тогтоож байжээ. Гэвч 2024 онд АНУ-ын иргэн Сьюзан Уэст 1,560 төрлийн зүйл цуглуулснаар түүний амжилтыг эвдсэн байна.

Дээд амжилтаа алдсан хэдий ч Диана цуглуулгаа баяжуулахаа зогсоосонгүй. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард зүрхэн хэлбэр, хээтэй бүх хувцас, гоёл чимэглэл, урлагийн бүтээл болон бусад эд зүйлсээ дахин тоолоход нийт 3,200 ширхэг болсон байжээ.

Швейцарын зүрхний мэс засалч Гиннесийн дээд амжилтын номд хоёр дахь удаагаа бичигдлээ

Тэрээр одоогоос 25 орчим жилийн өмнө анагаахын сургуулийн оюутан байхдаа зүрхэн хэлбэртэй зүйлс цуглуулж эхэлсэн аж. Дианагийн хэлснээр одоо түүнд зүрхэн хэлбэртэй нарны шил, автомашины агаар цэвэршүүлэгч, үсний хавчаар, үнэртэй ус, саван, үнэт эдлэл, хувцас, гэр ахуйн хэрэгслээс эхлээд бие дээрх зургаан ширхэг зүрхэн шивээс хүртэл бүх зүйл бий гэнэ.

Ийм олон зүйлээс хамгийн дуртайгаа сонгох нь түүнд тун хэцүү байдаг ч онцгойлон хайрладаг хоёр бүтээл байдаг аж. Нэг нь Пикассогийн хэв маягаар зурсан гартаа зүрх барьсан гурван эмэгтэйн өнгөлөг зураг бол нөгөө нь эгчийнх нь түүнд зориулж зурсан зүрхэн хэлбэртэй нүүртэй шар шувууны зураг юм.

Швейцарын зүрхний мэс засалч Гиннесийн дээд амжилтын номд хоёр дахь удаагаа бичигдлээ

Ховор содон эд зүйлсийнхээ тоонд Диана зүрхэн хэлбэртэй Рубикийн шоо, бүрэн ажиллагаатай зүрхний чагнуур, тэр ч байтугай Берлиний хананы хэлтэрхийг хүртэл нэрлэжээ. Тэрээр бүх цуглуулгаа гэр болон ажлын өрөөндөө хадгалдаг бөгөөд өдөр бүр “зүрхнүүдээрээ” хүрээлүүлэн амьдардаг байна.

Цуглуулгад нь юу дутагдаж байгааг асуухад зүрхний мэс засалч эмэгтэй 27.64 каратын жинтэй, дор хаяж 16 сая ам.долларын үнэтэй ховор чулуу болох “Мөнхийн зүрх” (The Heart of Eternity) алмаз эрдэнийг нэрлэжээ.

Тэрээр: «Энэ бол одоогийн эзэмшигч болон үнэ цэн нь тодорхойгүй байгаа зүрхэн хэлбэртэй маш ховор цэнхэр алмазуудын нэг. Харин нухацтай хариулахад надад зүрхэн хэлбэртэй шүршүүрийн толгой байсан ч харамсалтай нь унаад хагарчихсан, одоо интернетээс яг тиймийг хайгаад олох боломжгүй байна» хэмээн ярьжээ.

Швейцарын зүрхний мэс засалч Гиннесийн дээд амжилтын номд хоёр дахь удаагаа бичигдлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй